“Esv cake”-ын бялуучин ээж

“БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа амтат бялуу хийдэг Н.Дашдулам бүсгүйг урьсан юм. Тэрбээр цахим орчинд “Еsv cакe” фэйсбүүк группийн “гэрийн эзэгтэй”. Түүний хувьд олон мянган бүсгүйчүүдийг өөрийн гарын бялуугаар дайлж, өглөг хийж, баярлуулдаг нэгэн. Охиноо харахын хажуугаар орлого олж амьдрал ахуйдаа нэмэрлэсээр хоёр жил болжээ. “Анх хэвийн боовоор бялуу хийсэн. Цагаан сар дууссаны дараа олон хэвийн боов манайд үлдсэн. Тухайн үед “Good mom”-ын жорыг хараад хийж үзсэн. Анх хийж байгаа болохоор алдаа дутагдал байсан. “Бүтэлгүйтэж” түүхий болсон гэх үү дээ. Тэр үеэс бялуу хийх сонирхолтой болсон. Хийх тусам арга барилаа олоод амт нь хүртэл сайжирч байсан. Амталгааг гэр бүлийнхэн маань хийнэ” гэв. Цагаан сарынхаа хэвийн боовыг дуусгахын тулд бялуу хийж эхэлсэн нь өнөөдөр түүний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Гэрийнхээ гал тогоонд өдрийг өнгөрүүлж, өөрийнхөө сонирхлыг олж нээсэн Н.Дашдулам олон төрлийн бялуу хийж, сурсан нь түүний уйгагүй зантай холбоотой. Анхныхаа бялууг хийхдээ бүтэлгүйтсэн гээд дахин оролдож үзэхгүй байж болох л байсан. Гэвч тэгсэнгүй. Харин ч өдөр бүр туршилтын журмаар бялуу хийж байсан нь өнөөдөр түүний бялууг байнга захиалдаг хэрэглэгчидтэй болгож, өрхийн орлогод нь тодорхой хэмжээний нэмэр болдог аж. “Дөрвөн сарын турш бялуу хийсэн. Тэгж гартаа оруулсны дараа фэйсбүүкт пост оруулж байлаа. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой учир сайн чанарын бүтээгдэхүүн ашиглаж хийдэг. Олон төрлийн бялуу хийдэг. Орц найрлагаа бусдад хэлдэггүй. Учир нь би өөрөө зохиож хийдэг. Ирээдүйд өөрийн гэсэн байкеритэй болохыг мөрөөддөг. Тиймээс жороо нууц байлгадаг” гэв.

Чацаргана, аарц, нэрс, ирис, шоколад, лемон, крем, медовик, жимстэй зэрэг маш олон төрлийн бялуу хийхээс гадна амттан, дэсэрт, боов, хоол зэргийг хийж үргэлж шинэ жор туршиж, группийнхээ бүсгүйчүүдтэй мэдлэгээ хуваалцдаг байна. Түүний хийсэн бялуу орц, найрлага, хэлбэр хэмжээнээсээ шалтгаалаад үнийн хувьд харилцан адилгүй. 30-150 мянган төгрөгийн үнэлгээтэй. “Захиалга авч эхлэхдээ 25 мянган төгрөгөөр зардаг байсан. Харин одоо нэр төрөл нь олон болсноос гадна үнэлгээгээ бага хэмжээгээр нэмсэн. Бялууныхаа үнийг нэмсэн нь материалын үнэ  өссөнтэй холбоотой. Ажил хийж байгаа хүн шүүмжлэлд өртөхгүй байна гэж байхгүй. Сайны хажуугаар саар гэгчээр элдэв муу үгээр гутаан доромжлох тохиолдол байсан. Авах гээхийн ухаанаар хандаж, хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулж байсан нь алхам алхмаар урагшлуулж, өнөөдөр өөрийн гэсэн захиалагчидтай болж чадлаа” гэлээ.

Үнэний ортой үг. Магадгүй шүүмжлэлийг магтаал шиг сонсч чаддаг хүн хийж буй ажлаа урт удаан хугацаанд үргэлжлүүлдэг. Н.Дашдулам ч тийм л сэтгэхүй сэтгэлээр ажилдаа ханддаг. “Бүтэн өдрийн турш хийдэг байв. Одоо 1-3 цагийн хугацаанд хийдэг болсон. Бялуу хийлгэх захиалга өгөх бүрт шинэ материал худалдаж авдаг. Сайн чанартай материалаар хийнэ. Надад итгээд захиалга өгч байхад амт сайтай бялуу хийж өгнө гээд сэтгэл, зүтгэлээ зориулж хийдэг” гэв.

Фэйсбүүкийн группүүдээр бялууныхаа зургийг тавьж, зар бичиж захиалга авдаг байсан бүсгүй өдгөө өөрийн гэсэн захиалагчидтай болжээ. Энэ нь түүний хийсэн бялуу бусдад таалагдаж, амтад нь татагдсаных биз.

Хүн баярлуулах дуртай Н.Дашдулам өөрийн гараа гаргаж, сэтгэлээ шингээж хийсэн бялуугаа 100 орчим хүнд бэлэглэжээ. ““Esu cake” гээд групп байгуулсан. Одоогоор 3000 гаруй гишүүнтэй. Миний төлөвлөсөн том ажил бол группийнхээ бүх гишүүдэд өөрийн хийсэн бялуугаа бэлэглэж, амтлуулах. Энэ ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн. Группийнхээ 30 орчим гишүүнд бялуу бэлэглэсэн байна. Азтан тодруулж бас баярлуулна. Бялуу хийх бүртээ  өөрийнхөө баярын ширээний тортыг чимэглэж байгаа юм шиг л ханддаг” гэсэн юм.

Хүүхдээ харахын хажуугаар амттаны дээж  бялууг урладаг тэрбээр гэр бүлийнхээ санхүүд тодорхой хэмжээний орлого хуримтлуулж, ханийхаа цалинг буух хүртэл тог цахилгаан, хоол хүнс, хүүхдийнхээ хэрэглээний бүхий л асуудлыг өөрөө зохицуулдаг гэнэ. Ажил хийвэл ам тосдоно гэх үгийн утга энэ гэлтэй.

Хүүхдийн төрсөн өдөр, хурим найр, баяр ёслолыг амтат бялуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч хүний амьдралын баяр хөөртэй нандин мөчид ширээний гол чимэг болдог  бялууг, бялуу урлаачид өнгө үзэмж, загвар хийцийн өргөн сонголттойгоор хийдэг болсон. Тэдний нэг болох Н.Дашдуламын бялуу хийх ажлын эхлэл бол худалдааны төвөөс материалаа сонгож авах аж. Захиалагч бүр өөр өөр бялууг сонгоно. Тиймээс цаг тухайд нь материал авч, амттай бялуу урлах ажил гурилаа зуурч, бэлтгэлээ базааснаар эхэлдэг байна.  Бялуу хийх нь хүссэн хүн бүхний хийгээд байх ажил биш гэдэг нь түүний ярьж буйгаас ойлгогдоно.

“Оролдлого сайт оройд нь гэгчээр олон туршилт хийсний эцэст амт чанар, үзэмж сайтай бялуу хийж сурсан” түүний бялуу өдөр бүр хэн нэгний ширээний гол чимэг болж бусдад  аз жаргал баяр баяслыг төрүүлдэг нь сайхан.