Ц.Нямдорж: Асуудалтай шүүгч нарыг чөлөөлсөнгүй

Төр нийгмийн зүтгэлтэн, төр нийгмийн зүтгэлтэн агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг судлах Түр хорооноос мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Түр хорооны дарга Ж.Батзандан “2019 дөрөвдүгээр сарын 25. Олон улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлт байна. Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Түр хороо байгуул гэдгийг хэлсэн. Түр хороо байгуулагдсан цагаасаа сард хоёр удаа хуралдаж Олон улсын парламентын холбооны шинжээчдийг Монгол Улсад хоёр удаа авчирч тухайн хэрэгт хийсэн дүгнэлтийг танилцуулахаар боллоо.

Түр хорооны дүгнэлт бол Олон улсын парламентчдын, Монголын УИХ-аас байгуулсан Түр хорооны шийдвэр 100 хувь нэг гарсан гэдгийг зарлаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын УИХ-аас байгуулсан Түр хороо, Олон улсын парламентчдын Хүний эрхийн хороотой хамтарч ажилласан гэж ойлгож болно. Шийдвэр... Маш тодорхой зүйлүүдэд хүрсэн. Албан ёсоор эрүүдэн шүүсэн гэдгийг тогтоолоо. Бид мөн адил эрүүдэн шүүснийг тогтоосон. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүснийг албан ёсоор тогтоолоо. Тэдгээр хүмүүст нөхөн олговор олгох ёстой. Парламентын холбооноос ч ийм шийдвэр гаргалаа. Хэргийг олон жил улстөржүүлснийг шүүмжилж, Түр хороо байгуулсныг сайшааж байна. Эрүү шүүлт тулгасан, хуурамчаар илрүүлсэн болж, хилс хэрэгт гүтгэсэнд нь эргэлзэж байгаагаа илэрхийллээ” гэсэн юм.

Харин уг хорооны гишүүн, Хуулийн сайд Ц.Нямдорж “Би нэг зүйл хэлье. Шүүх дээр энэ хэрэгт аль болох сунжруулах асуудал явж байна. Сүүлийн өдөр хүртэл. Тэр шийдвэрээ прокурорт өгсөн. Эсэргүүцэл бичингүүтэл давахад орсон. Одоо дахиад 30 хоногийн хугацаанд сунжруулах асуудал явж байна. Энэ асуудал нууцаас гарсан. Засгийн газрын хурлаар. Өөр нууцаар гаргах асуудал байхгүй ээ. Гуравдугаарт, энэ асуудлыг будлиулсан шүүгч нар бүгдээрээ албан тушаалаа хашиж байна.

Хуучин ерөнхий шүүгч нь одоо хүртэл ажлаа хийж байна. Эд нар арьсаа хамгаалж байна. Хугацаа хожиж, яргалсан хүмүүст боломж олгож байна. Эрүүдэн шүүсэн гэх асуудлыг эвлүүлэг гэж ярьж байна. Тагнуулын байгууллага өөрсдөө ярьж байна. Гэхдээ эвлүүлэг хийх ямарч бололцоо байхгүй. Гэтэл тагнуулын байгууллага тухайн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлэхдээ дахин нууцын зэрэглэлд шилжүүлсэн. Хуультай улсын хувьд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой” гэлээ.