Ц.Сандуй нарын шүүх хурал болно

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасныг шүүгч арванхоёрдугаар сарын 9-нд хүлээн авчээ. Тэгвэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг маргааш буюу арванхоёрдугаар сарын 24-нд товлосон байна.

Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болж, дөрвөн жилийн хорих ял ногдуулсан байдаг.

Шүүх хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар онлайнаар оролцох бол өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашбямба, илтгэгч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ оролцох юм байна.