ОХУ-ын Засгийн газар огцорлоо

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлтээ өчигдөр гаргалаа.

Үүнээс өмнө ОХ-ын Ерөнхийлөгч В.Путин Төрийн Думд илтгэл тавих үеэрээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан юм. Түүнийг сайд нарын танхимтай уулзах үеэр Медведев дээрх мэдэгдлийг хийжээ.

Энэ талаар Дмитрий Медведев “Бид ОХУ-ын Ерөнхийлөгчийн илгээлтийг сонслоо. Владимир Владимирович ирэх он жилүүдэд манай улсад хийгдэх чухал ажлын зорилтуудыг онцолсноос гадна Үндсэн хуульд үндсээр нь өөрчлөлт оруулах хэд хэдэн заалтуудыг мөн тэмдэглэн хэллээ" хэмээгээд эрх мэдлээ Ерөнхийлөгчид шилжүүлэх нь зөв гэж үзсэн тухай мэдэгджээ.

Тэрбээр "Засгийн газар Ерөнхийлөгчид шийдвэр гаргахад шаардлагатай бүх боломжийг олгох ёстой. Иймд Үндсэн хуулийн 117 дугаар заалтын дагуу ОХУ-ын сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох өргөдлөө өгч байна” хэмээн мэдэгдсэн байна. Одоогийн сайд нарын танхим шинэ Засгийн газраа байгуулах хүртэл тэрбээр үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх юм.

Дмитрий Медведев 2012 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс хойш долоон жил найман сар /2808 хоног/ Засгийн газрын тэргүүнээр ажиллажээ. Одоогийн засгийн газрыг 2018 оны тавдугаар сарын 18-ны өдөр байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд  нь 22 яам багтдаг ажээ.