Л.Оюун-Эрдэнэ: Оюу Толгойн ТУЗ-ийн гишүүдээс англи хэлний шалгалт авна

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс зарим асуултад хариулт авлаа.


-Оюу Толгойн ТУЗ-ийн гишүүн шаардлага хангахгүй байна гэсэн яриа бий. Тэгэхээр ТУЗ-ийн гишүүнийг солино гэсэн үг үү?

-Хувь хүний тухайд ярьмааргүй байна. Шалгуурыг өндөрсгөж байгаа талаар ярьж байна. Тухайлбал, гишүүдээс англи хэлний шалгалт авна. Хэлний хувьд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх шаардлага хангасан байх ёстой. Зөвхөн Рио Тинто гэдэг компанитай харьцахгүй. Мөн ногдол ашгийн талаар хэлэлцээ хийнэ. Сар бүхэн алдаж байгаа эрчим хүчний урсгалыг яаж дотоодын эдийн засгийн эргэлтэд оруулах, энэ нь сэргээгдэх хүчинд юм уу эсвэл нүүрсэнд түшиглэсэн байх юм уу гэдэг олон асуудал байна.

-ТУЗ-ийн сонгон шалгаруулалтыг хэзээ зарлах вэ?

-Өнөөдөр ажлын хэсэг Засгийн газарт саналаа танилцуулж байна. Сайдуудын авсан саналыг нэгтгэхэд хугацаа орно. Техникийн ажил бий. Миний бодлоор 14 хоногийн хугацаа шаардагдах болов уу гэж харж байна. Мөн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах уу гэдэг зарчмын шийдвэр гаргана.

-Шадар сайд гадаад улсад томилолттой байна. Уханьд байгаа Монгол оюутнуудыг авчрах асуудал юу болсон бэ?

-Засгийн газрын хуралдаан дээр нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг нэгд нэгэнгүй ярьсан. Гадаад харилцааны яам хөөцөлдөж байгаа юм билээ. Үүнтэй холбогдуулан сар шинийн баярыг хэрхэх талаар ярилаа. Шуурхай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Оюутнуудаа авчрах талаар хэлцэл хийж байгаа. Зохиомол үнмйн хөөрөгдлөөс сэргийлэх ёстой.