Титэмжсэн Төр

1918 оны нэгдүгээр сард Дэлхийн нэгдүгээр дайны үед Умард Франц дахь окопонд байршсан цэргүүд хэдэн мянгаараа хиарч эхлэв. Дайн тулаанаас биш ээ. Тухайн үедээ хүн төрөлхтөний түүхэнд урьд өмнө байгаагүй хамгийн үр ашигтай, бүхнийг хамарсан хангамжийн сүлжээ бүхий фронтын шугамын энэхүү цэгт Англи, АНУ, Энэтхэг, Австралиас хүн хүч, зэр зэвсэг ирж байв. Ойрхи Дорнодоос бензин, Аргентинаас мах, гурил, Малайгаас резин, Конгогоос зэс нийлүүлж байлаа. Гэтэл тэнд “Испанка” (La Grippe Espagnole) хэмээн алдаршсан томууны вирус дэгдэв. Ашгийн төлөө улайрсан нийлүүлэгчид “испанка” вирусыг тээгчид болж дэлхийд түгээв. Хэдхэн сарын дотор дэлхийн өнцөг булан бүрт дэгдсэн энэхүү томууны үхлийн вирус хагас тэрбум хүнд халдварлаж, 50-100 сая /эх сурвалжууд өөр өөрөөр мэдээлдэг/ хүний амийг авч явсан юм.

 

Хүн амын өсөлт, түүнийг дагаад төвлөрөл, тээврийн хэрэгсэл боловсронгуй болсны ачаар хүн төрөлхтөн урьд өмнө байгаагүй халдварт өвчин, тахлын сорилттой тулгарсан билээ. Харин ХХ зуунд анагаах ухаан асар хурдацтай хөгжиж, вакцин, антибиотик, ариутгалын шинэ бодисууд, гайхамшиг хэмээж болохуйц эрүүл мэндийн боловсронгуй дэд бүтэц бүтээсэн.

 

Одоо цагт 2-3 жилийн давтамжтай биднийг “айлгадаг” шинэ вирусууд гарсаар. 2002-2003 онд Severe Acute Respiratory Syndrome (SARS) буюу пневмони (уушигны үрэвсэл)-ий хам шинж, 2005 онд шувууны томуу (SARS), 2009 онд гахайны томуу, 2014 онд Эбола. Зүүн өмнөд Азиас гаралтай 2002 оны SARS-ыг тухайн үед шинэ зууны “Хар тахал” хэмээн үзэж байсан боловч дэлхий даяар мянга хүрэхгүй хүн нас барсан бөгөөд 2003 онд дарж чадсан. Эболагийн талаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2014 оны есдүгээр сарын 26-ны өдөр гаргасан мэдэгдэлд нийт хүн төрөлхтөний эрүүл мэндэд заналхийлж буй хамгийн ноцтой аюул хэмээн тодорхойлсон бол Баруун Африкаас буюу голомтноос нь гаргаагүй бөгөөд 2016 он гэхэд тахлын вирус устжээ.

 

2020 он гарангуут коронавирус буюу SARS-ын бас нэгэн мутац энэ удаад сарьсан багваахайгаас үүдэлтэй уушигны үрэвслийн хам шинж бүхий томууны тахал дэгдлээ. Монгол Улсын Засгийн газраас янз бүрийн тогтоол шийдвэр гарч эхэллээ. Энэхүү вирусын дэгдэлттэй холбоотой шийдвэрүүд, авч буй арга хэмжээ, хандлагыг хараад гайхашрал, цөхрөл төрүүлэхүйц сэтгэгдэл төрснөө нуух юун.

 

Манай эрүүл мэндийн тогтолцоо болон улс төрийн хамаарлын талаар үг дуугарахгүй байж чадсангүй ээ.

 

Эхний тохиолдол. “Хил хязгааргүй эмч нар” /Médecins Sans Frontières байгууллага нь 1971 онд  Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар 1967-1970 онд Нигери улсад болсон иргэний дайны үеэр  сайн дураар ажиллаж байсан эмч нар болон сэтгүүлчид үүсгэн байгуулсан. Тус байгууллагын үйл ажиллагааны гол үзэл санаа нь арьс өнгө, хүйс, шашин, улс төрийн үзэл бодлоос ялгаваргүйгээр ямар ч хүн эмнэлгийн тусламжийг авах эрхтэй гэсэн итгэл үнэмшилд суурилдаг ба энэхүү тусламж авах хэрэгцээ нь улс орнуудын хилээр хаагдаж боогдох ёсгүй хэмээн үздэг.

 

“Хил хязгааргүй эмч нар” сүрьеэ, ДОХ-ын халдвар зэрэг урьдчилан сэргийлэх боломжтой өвчин эмгэгийг эмчлэхээс гадна соён гэгээрүүлэх, өвчтөнүүдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх зэрэг олон төрлийн ажил явуулдаг аж. Тус байгууллагын санхүүжилт хувь хүмүүс, байгууллагын хандиваас бүрддэг ба 2017 оны байдлаар түүний санхүүжилтийн 96 хувь нь зургаан сая гаруй хувь хандивлагчдаас бүрджээ. 1999 онд Нобелийн энх тайвны шагналыг авсан энэхүү нэр хүнд бүхий байгууллага жил бүр дэлхийн 70 гаруй оронд сайн дурын үндсэн дээр 3000 гаруй эмч нарыг илгээж ажиллуулдаг.

 

Сингапурт Элчин сайдаар ажиллаж байх үеэр тус улсын Хүүхдийн эмнэлгийн тэргүүлэх эмчтэй танилцаж Монголд “Хил хязгааргүй эмч нар”-ын шугамаар 16 орны эмч, ажилтнууд 2013 онд ирж манай Эх нялхсын төвд эрүү нүүрний эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийсэн юм. Тэр үеэс л манай эрүүл мэндийн систем доголдолтой, хүний хамгийн эрхэм зүйл болох эрүүл мэндийн асуудалд арилжааны сэтгэлгээгээр ханддаг болох нь надад мэдрэгдсэн билээ. Олон улсын эмч нарын багийн зүгээс тавьсан эхний шаардлага бол (хагас жилийн өмнө түүнийгээ тавьсан) хагалгаа хийх хүүхдийн тоо 50-иас доошгүй байх ёстой хэмээв.

 

Эх нялхсын төвөөс орон даяар ийм төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдийг цуглуулж Япон, Сингапур, Солонгос, Франц гээд дэлхийн тэргүүлэх орны эмч нар дээд зэрэглэлийн эмнэлгийн тусламж үзүүлэхээс гадна авчирсан бүх тоног төхөөрөмж, эм тариаг манайд үлдээж хандивлана гэв. Би ч бөөн баяр. Гэтэл 40 хүрэхгүй хүүхдийг дуртай дургүй цуглуулж, эм тариа, тоног төхөөрөмжийг хил гаалиар оруулах гэж бөөн юм болов. Гаалийн татвар нэхэв. Хариуцсан хүмүүс нь амарчихсан. За бэрхшээл зовлонг үл тоочин нэг л зүйлийг хэлье. Бид эрүүл мэндийн системийг орвонгоор нь өөрчлөх цаг хэдийнэ болсон. Хожим нь сонсохнээ манай эмч нар (удирдах түвшний хүмүүсийг хэлэв) олон улсын эмч нарын багийг хүлээж авахгүй байсан шалтгаан нь өөрсдийн төлбөртэй хагалгаа хийдэг бизнест нь хохирол учруулах эрсдэлтэй байсан аж. Итгэхэд бэрх!

 

Одоо өөр нэг тохиолдол. Саяхан Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа эмч санаачлага гарган БНХАУ-ын Ухань руу явж ажиллах хүсэлтээ илэрхийлж, түүнийг даган 12 хүний баг бүрдсэн тухай сошиалаар мэдээ түглээ. Миний баярлаж бахархсаныг нуух юун. “Хятад улс нь манай гадаад худалдааны хамгийн том түнш билээ. 1990 онд хоёр талын хооронд хийгдсэн худалдааны хэмжээ дөнгөж 33.6 сая ам.доллар байсан бол 2018 оны эхний 9 сарын байдлаар 7.3 тэрбум ам.долларт хүрч гадаад худалдааны эргэлт 28 жилийн хугацаанд 220 дахин нэмэгджээ.

 

Хятад улс нь Монгол Улсын тэргүүлэгч хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд 1990-2017 оныг хүртэл 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Энэ хөрөнгө оруулалтыг Дэлхийн Банк “250 мянган ам.долларын цалинтай 170000 хүний ажлын байр” шинээр бий болгожээ гэж судалгаандаа дүгнэсэн байна. 1990-2018 оны хугацаанд БНХАУ-ын Засгийн газраас Монголын талд нийт 4.2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлжээ (БНХАУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны сайтаас авсан мэдээлэл). Эл бүгдийг дурдсан нь монголчууд бид нөхрийн чанар хэзээ танигддаг тухай хэнээр ч заалгахгүй мэднэ. Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө ч гэдэг. Хятадууд ч монголчууд биднээр дутав гэж. Гэхдээ асуудлын гол нь хэсэг залуучуудын санаачлагыг манай нэгэн улстөрчийн хүлээж авсан явдал үнэхээр шоконд оруулав.

 

Ж.Амарсанаагийн санаачлагыг төр засаг нь дэмжээд, харин ч бүр тэдгээрийн бүхий л аюулгүй байдлыг хангах нөхцөлийг нь бүрдүүлээд, тэр ч бүү хэл нэгдсэн зохион байгуулалтад оруулж, санхүүжүүлээд явуулахад яагаад болохгүй гэж. Монголын л нэр гарна. Төрийн сайд ингэтлээ намчирхдаг, ингэтлээ улстөрждөг үйлдэл үзүүлж болох уу. Ер нь Монгол төрийн хар хайрцагны бодлогод төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ёс зүйн хэм хэмжээг кодлож, үйл хөдлөл, үг хэлээ цэнэж байхыг хатуу зааж сургаж, улс орон ард түмний өмнөөс ярьж хэлэхдээ хувь улс төрчийн байр суурь, үзэл суртлыг огтоос дурдаж болохгүйг ягштал баримтлуулдаг хариуцлагын тогтолцоо яаралтай хэрэгтэй байгаа нь үүгээр харагдана.

 

Дээрх тохиолдолд миний хувьд попрол гэдэг өнцгөөс харахаас илүүтэйгээр, нэгдүгээрт, тангараг өргөсөн эмч хүний хувьд ажиллах хүслээ илэрхийлсэн, хоёрдугаарт, халдварын голомтод ажиллах нь асар их туршлага, ялангуяа онцгой байдлын үед ажиллах зохион байгуулалтыг суралцах том боломж, гуравдугаарт, бусад улс орны технологийн ноу хау-г олж авах бүр томоор харвал Ази тивд хотжих үйл явц эрчтэй явагдаж тэр хирээр хүн амын нягтрал маш их болж байгаа өнөө үед энэ бүс нутагт байнгын давтамжтай гарч буй тахал гарах эрсдэлийг тооцож, зохион байгуулалт, эрүүл мэндийн зөв менежментийн мэдлэгийг газар дээрээс нь олж авах эцэст нь Хятадтай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий хөрш орны хувьд сайн хөршийн дэмжлэг ч гэж ойлгож болохоор.

 

Шинжлэх ухаан үсрэнгүй хөгжиж байгаа одоо цагт аливаа шинэ вирусын мутацийн эсрэг хүн төрөлхтөн вакцин, эм тариа олох нь дамжиггүй. Цаг хугацааны л асуудал. Өчигдөр Сингапур улсын Ерөнхий сайд амны хаалт зүүх шаардлагагүй хэмээн хэлж байна билээ. Улс орон нь эрүүл мэндийн салбарт дэлхийд дээгүүр эрэмбэлэх, сахилга, хариуцлага, зохион байгуулалт жигдэрсэн ийм орны улс төрч тэгж хэлэх нь аргагүй бизээ. Харин манай Засгийн газар татвар төлөгч миний мөнгөөр бидний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө, ялангуяа ДЭМБ-аас зарласан онцгой байдлын үед юу хийв. Хилээ хааж, хөл хорихоос өөр яав? Олон нийтийн газруудад гар ариутгах бодис тавьсан уу? Амны хаалтны нийлүүлэлтийг нэмсэн үү? Нэн ядуу айл өрхүүдэд үнэгүй тарааж байна уу? Хилээр орж ирсэн нийт хүмүүсийг оношлогоонд  хамруулж чадсан уу? Бүх хүмүүсийг бүрэн ариутгаж оруулж ирж чадаж байна уу? Энэ бол өнөөгийн үүссэн нөхцөл байдалд авах наад захын арга хэмжээ.

 

Харин бодлогын шинжтэй авах арга хэмжээнд юуны өмнө төсвөө эргэж харна уу. Хөдөө хээр хөшөө хэдэн тэрбумаар босгож байхын оронд эсхүл Улаанбаатарыг тойрсон хэдэн сайхан уулын аманд төрөөс төрсөн тэрбумтнуудад ам амаар нь хэдэн га газар олгож хувьдаа орд харш бариулахын оронд агаарын сайханд уушигны хатгаа авсан хүүхэд, хөгшчүүдэд зориулсан эмнэлэг, сувиллын газраа байгуулаач.

 

Тэрбум 300 гаруй сая хүн амтай, эдийн засгийн өндөр чадамжтай урд хөрш, дэлхий нийтээр сандрах энэхүү давагдашгүй хүчин зүйлийн өмнө гурван саяуулаа бид хэрхэх вэ? цаашид даацтайхан шийдвэр гаргаж, монгол хүндээ хэрэгтэй эмнэлэг, сувилал, нөхөн сэргээх төвүүдийг барьж байгуулах цаг болжээ.

 

Төр минь.

 

Банзрагчийн ДЭЛГЭРМАА