Д.Сарангэрэл сайд уриалга гаргалаа

БНХАУ-аас гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, халдвараас хамгаалахад төр, аж ахуйн нэгж, иргэн бүр анхааралтай, нэгдмэл байх хэрэгтэйг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл уриаллаа. Түүний уриалгыг хүргэе. 


Тэрбээр, “Шинэ коронавирусийн халдвар хэзээ намжих нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос.А.Г “Улс орон бүр коронавирусийг цар тахлын хэмжээнд хүргэхгүйн төлөө одоо бололцоотой бүхнээ хийхгүй бол маргааш оройтно” гэдгийг анхаарууллаа. Төр, засаг шуурхай шийдвэрүүдийг цаг үеийн байдлыг үнэлэн гаргаж буйг та бүхэн маань мэднэ. Өвчин хэнийг ч ялгадаггүй билээ. Иймээс монгол хүн бүрээ халдвараас хамгаалахад иргэд, олон нийтийн оролцоо тун чухал. Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, компаниуд өөрийн ажилчид, тэдний ар гэрийг, СӨХ оршин суугчдаа, нийгмийн ажилтан баг, хороо,хэсгийн дарга нар харьяа иргэдтэйгээ тулж санаачилгатай ажиллах шаардлагатай. Яаж ажиллах юм бэ? Юу хийх юм гэж үү? Энэ их энгийн. Төр, засаг, Улсын онцгой байдлын комисс, Эрүүл мэндийн яам гээд иргэд, улс орноо аюулт өвчнөөс хамгаалахын төлөө гаргаж байгаа шийдвэр, авч байгаа арга хэмжээг анхаарч хэрэгжүүлэх, дагаж мөрдөх л учиртай. Үүнд дээр дурдсан болон дурдагдаагүй бүх газар оролцож иргэддээ тусалж тэднийгээ дэмжих. Улс төрийн намууд, долоон мянга гаруй төрийн бус байгууллага, ахмад, эмэгтэйчүүд, залуучуудын, сурагчдын холбоо Та нар маань хаана байна вэ. Нэгдсэн зохион байгуулалтад орж амны хаалт оёж эмийн сангуудад нийлүүлж үгүйдээ ойр тойрныхноо, гишүүдээ хангаасай. Орц гарцаа өдөр бүр цэвэрлэж хүн бүрт байнга гараа угаахыг сануулж, ээж аавууд үр хүүхэд, хөгшид хөвөөддөө халуун хоол унд хийж өгч, байгууллагууд ч ажилчдынхаа хоол ундны чанарыг сайжруулаасай. Бие биендээ шаардлага тавиасай. Халдвар гарсан орнуудад мэдсээр байж бүү зорчоосой. Бидний орхигдуулсан дутууг та бүхэн маань нэмээрэй. Ингэж л эрвийх дэрвийхээрээ хөдөлж байж хүн төрөлхтнийг донсолгоод байгаа вирусийн давалгаанаас цохилт багатай гарахаас бус Цагаан сарын маргааныг үргэлжлүүлэн өрнүүлэх нь оновчтой шийдэл огт бус санагдана. Эцэст нь хэвлэлийнхэндээ хандаж хэдэн үг хэлье. Коронавирусийн халдварын тохиолдлыг анхлан мэдээлэхэд тэмүүлэхээс илүүтэй ард түмнээ, ажилчдаа, хүн бүрээ хамгаалахын төлөөх санаачилга бүрийг түгээн дэлгэрүүлэх хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж байна. Энэ л сэтгүүлзүйн үүрэг мөн гавъяа билээ. Хэнэггүйн улмаас халдвард өртвөл халаглахад ч оройтсон байхыг улс орны бодит жишээ бидний өмнө байна. Хэн бэлтгэл сайн хангана тэр ялдаг хуультай. Хайртай хүмүүсээ хамтдаа хамгаалцгаая” гэжээ.