“Ногоон” хүсэл

Мартаж, маргалдаж, мэтгэлцэж, мушгиж, орхиж бас улстөржүүлж болохгүй сэдэв бол агаарын бохирдол буюу утаа. Улаанбаатар хотод жилд 120 хүүхэд, 1200-1300 том хүн агаарын бохирдлын улмаас өвдөж, нас барж буй нь маш том дохио. Гэтэл өнгөрсөн хугацаанд утааг улстөржүүлж, хөрөнгө мөнгийг нь завшсан учраас  нийслэлчүүд утаанаасаа салж чадалгүй өнөөг хүрчээ. Салах нь битгий хэл тодорхой хэмжээнд бууруулж ч чадалгүй олон жилийг үдсэн. Харин ч Улаанбаатар хот гэр хорооллоор хүрээгээ тэлж, утаа нь улам л өтгөрсөн. Уг нь энэ асуудлыг шийдэх боломжгүй биш боломжтой. Гагцхүү хүн бүр хүсвэл, тус бүртээ хичээвэл, хамтарч чадвал цэвэр агаартай хотыг бий болгох боломж бидэнд бий. Үүнийг сүүлийн хоёр, гурван жил хийж, хэрэгжүүлж буй ажлын үр дүн харуулж байна. Тухайлбал, Засгийн газраас өнөө маргаашаа бус алсыг харсан шийдвэр гаргаж, 30 гаруй жил хэрэглэж, дадал болсон түүхий нүүрсийг хязгаарлан үүний оронд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн явдал юм. Ингэснээр агаарын бохирдол мэдэгдэхүйц буураад байгаа билээ. Тодруулбал, төвийн зургаан дүүргийн 200 орчим мянган айл өрхийн жилд хэрэглэдэг 1.2 сая гаруй тонн түүхий нүүрсийг 50 дахин багасгаж, илчлэг өндөртэй, чийгшил багатай 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр сольж чадсан учраас өнөөдрийн үр дүнд хүрсэн. Мөн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлснээр цэвэр агаартай хотыг бий болгоход нэг шат урагшилсан юм. Түүнчлэн халаалтын зуухнуудыг цахилгаан халаагуур, төвлөрсөн дулаанд холбох ажлыг өрнүүлж, 400 гаруй зуухыг буулган 70 гаруй мянган тонн нүүрсийг хэрэглээнээс халсан. Мөн нийслэлийн “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас хэрэгжүүлсэн ажлын хүрээнд 100 гаруй айл өрх газраа орон сууцны урьдчилгаа 30 хувиар сольсноор утаа “үйлдвэрлэгч”-ийн жагсаалтаас хасагдсан юм. Ийм байдлаар агаарын бохирдлыг бууруулахаар томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд ч зүгээр суусангүй. Тодруулбал, монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудын сурч, хүмүүждэг сургууль, цэцэрлэгийн анги танхим болон эмнэлгийн эрчимт эмчилгээ, хүүхдийн тасаг, өрхийн эрүүл мэндийн төв, асрамжийн газарт агаар цэвэршүүлэгч суурилуулсан билээ. Мөн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийг багасгахын тулд уушгины хатгалгаа, томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийнхнийг хамруулдаг жишиг тогтсон. Эдгээр бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрийг ганцхан удаа хэрэгжүүлээд өнгөрөх бус цаашид үргэлжлүүлэхийн зэрэгцээ шинэлэг ажлыг ч санаачлах юм.  Ингэж л утаагүй Улаанбаатар болохын төлөө бүх шатандаа хичээж буй.

Сүүлийн жилүүдэд ялангуяа өнгөрсөн онд айл өрхүүд утаа гаргахгүйгээр дулаанаа шийдэхийг эрмэлздэг болов. Богино хугацаанд бодит үр дүнд хүрэхийн тулд эхний ээлжид сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Харин цаашид дунд болон урт хугацаандаа гэр хорооллын бүх айл өрх яндангүй болох явдал чухал юм. Өөрөөр хэлбэл, дулаанаа цахилгаан, хийн халаагуур болон бусад техник технологиор шийдсэнээр бид зорилгодоо хүрнэ. Иймд айл өрх, аж ахуйн нэгжид “Ногоон зээл”-ийг санал болгосон. Тодруулбал, арилжааны банкны гаргадаг зээлээс хамгийн бага хүүтэй гэдгээрээ давуу талтай ч олон айл өрх, аж ахуйн нэгжийг хамарч чадаагүй тал бий. Гэхдээ үүнд тодорхой учир шалтгаан байжээ. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлаас хэрэгжилт хангалтгүй нь энэ. Яагаад гэдгийг нэгэн өрхийн “Ногоон” хүсэл биелээгүй жишээгээр тайлбарлая.

 ХҮСЭЛ БА ХЯСАЛ

Гэр хорооллын айл өрхийн тал хувь нь төвлөрсөн дулаанд хол­богдсон орон сууцыг илүүд үздэг. Үлдсэн нь дулаанаа галлагааны бусаар шийдэж, гэр, байшиндаа тав тухтай амьдрахыг хүсдэг. Тэдний нэг нь Сонгинохайрхан дүүргийн оршин суугч З.Даваажаргал. Байшин­гийнхаа дулааныг цахил­гаан халаагуураар шийдэхээр зорьж, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниар 15 сая төгрөгийн нэхэмжлэх бичүүлэн дээр дурдсан банкуудад хандахад гурвуулаа татгалзсан хариу өгчээ. Түүний зээл бүтээгүй учраас “Ногоон хүсэл” нь ч биелээгүй байна. Гэрийн эзэд цалингийн зээлтэй тул банк тэдэнд итгэл үзүүлээгүй аж. Тэд өөрсдийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй ч ийн биеллээ эс олжээ. Тиймээс эднийх сайжруулсан шахмал түлшээ түлж, утаа “үйлдвэрлэсэн” хэвээр байна. Гэхдээ түүхий нүүрснээс бүх талаараа давуу гэдэгтэй санал нийлдэг ч тэдний туйлын хүсэл галлагаанаас татгалзах явдал байв. З.Даваажаргалынд тулгарсан бэрхшээлийг уншаад зарим нь “Банкны шаардлага хангах ч хэцүү шүү” гэж толгой сэгсэрч, мэдээлэлгүй нэг нь “Энэ ямар учиртай зээл юм бол” хэмээн гайхаж суугаа болов уу.

 “Ногоон зээл” гэж юу вэ. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт заасны дагуу “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүн бий болгоход дэмжлэг үзүүлж, зээлийн хүүгийн зардлыг хөнгөлөх, татаас олгох ажлыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өнгөрсөн оны наймдугаар сард эхлүүлсэн. Зээлийн хүрээнд, агаар, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, санаачилгыг дэмжиж эко цахилгаан халаагуур, ариун цэврийн байгууламж, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүнийг иргэд жилийн есөн хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлээр авах боломжтой юм. Эдгээр гурван бүтээгдэхүүний төрөл тус бүрээс авах нөхцөлийг бүрдүүлж, нэг иргэнд 40 сая төгрөгөөс илүүгүй зээл олгохоор тогтсон.  Үүнийг гэр хорооллын айл өрхтэй хамтарч ажилласан туршлагатай, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих сантай, түүнээсээ зээл олгодог байх зэрэг шаардлагыг хангасан ХААН, Хас,  Төрийн банкаар дамжуулан авах ёстой. Гэтэл хөтөлбөрийг эхлүүлснээс хойш нийт 270 гаруй иргэн, аж ахуйн нэгж л зээл авч чаджээ. 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Ногоон зээл”-ийн татаасанд гурван тэрбум төгрөгийг гаргаж банкуудад байршуулсан. Зээлийн хэмжээ төлөвлөсөн мөнгөний хаана нь ч хүрэхгүй байгааг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга “Энэ нь банкуудын шаардлага өндөр, чирэгдэл ихтэй холбоотой” гэж тайлбарлахын зэрэгцээ цаашид энэ байдлаараа үргэлжилбэл санхүүжилтийг татаж, төслийг зогсоох тухай ярилаа. Харин банкууд хамрагдалт бага байгааг зээлийн нөхцөлд Монголбанк өөрчлөлт оруулан зээлийн төлөх хугацааг богиносгож, өр, орлогын харьцааг 60, 40 болгосонтой холбон тайлбарлаж байна. Ийн өөрчлөлт оруулснаар тухайн иргэн орлогынхоо 40 хувьтай л тэнцэх хэмжээний зээл авч болох юм.

 ИРГЭДИЙГ “БҮДРҮҮЛДЭГ” БАНКНЫ БОСГО

 “Ногоон зээл”-ээр авах боломж­той бүтээгдэхүүн борлуулж буй аж ахуйн нэгж, компаниудад иргэд хандаж, нэхэмжлэх бичүүлдэг ч тэдний олонх нь эргэн ирдэггүй байна. Өөрөөр хэлбэл, зээл авах хүсэлт гаргасан банк тэдэнд итгэл үзүүлээгүй гэсэн үг. Тухайлбал, 2003 оноос хойш үйл ажиллагаа явуулж, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийн цэвэр, бохир ус болон цахилгаан халаалтын системийг шийдэж буй “Atmor” компанийн бүтээгдэхүүнээс “Ногоон зээл”-ээр авахаар 30 орчим хүн нэхэмжлэх бичүүлсэн ч тэдний дөрөв, тав нь л зээлээ шийдүүлжээ. Тус компанийнхан зээлээ шийдүүлж чадаагүй үйлчлүүлэгчидтэйгээ эр­гэн холбогдож  учир  байдлыг тод­руулахад бүгд л “Зээлтэй болохоор дахин зээл олгохгүй гэсэн” гэж хариулдаг байна. Тус компанид өнгөрсөн жил 7000 хүн хандаж, бүтээгдэхүүний үнэ ханш сонирхсон бөгөөд тэдний 250 орчим нь л өөрсдийн хөрөнгөөр худалдан авалт хийжээ. Ийн эрэлт их  байгаа нь иргэн, аж ахуйн нэгж галлагаанаас татгалзах хүсэл, эрмэлзэлтэй байгааг харуулж байна.  Тэд бүтээгдэхүүний үнэ ханшаас гадна зээл гарч байгаа эсэхийг онцгойлон тодруулдаг тухай “Atmor” компанийн марктенгийн менежер Б.Нямсүрэн ярилаа. Тэрбээр “Хэрэв хүссэн хүн бүрт зээл олговол энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн борлуулалт 30-40 хувиар нэмэгдэж, тэр хэрээр агаарын бохирдол буурна. Одоо зээлгүй хүн ховор шүү дээ.  “Ногоон зээл” биднээс бус банкнаас хамааралтай учраас иргэдийн хүсэлтийг шийдэж өгч чадахгүй юм. Тиймээс бид ББСБ-тай хамтарч ажиллах боломжийг судалж байна” хэмээв.  Тухайн компаниас өнгөрсөн онд цахилгаан зуухыг дангаар нь 250-300 айл өрх авсан бол 400 айл дулаанаа цогцоор нь шийдүүлж, орон сууц шиг болгожээ. Тус компанийн борлуулж буй бүтээгдэхүүн хүчин чадлаасаа хамаарч, харилцан адилгүй үнэтэй байдаг аж. Жишээлбэл, иргэд ихэвчлэн 1.2-3.1 сая төгрөгийн үнэтэй цахилгаан зуух, гэрт тохиромжтой 210-260 мянган төгрөгөөр борлуулдаг халаагуур /тен/-ыг  сонирхдог байна.  Харин цэвэр, бохир ус болон цахилгаан халаалтын системийг цогцоор нь шийдүүлэхэд 3-15 сая төгрөг шаардлагатайг тус компанийн маркетингийн менежер тодотгов.  

Зээлийн хамрагдалт бага байгааг бүтээгдэхүүнээ “Ногоон зээл”-ээр авах боломжийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгож буй “Etamon” компанийн менежер Э.Шинэбаяр мөн банкуудтай холбон тайлбарлахын зэрэгцээ зээлийн талаар иргэд мэдээлэл муутай байгааг дурдав. Өнгөрсөн жил нэлээд олон хүн тус компанид хандаж, зээлээр “ногоон” худалдан авалт хийх хүсэлт гаргасан тэднээс  гурав, дөрөв нь л банкны шаардлага хангажээ.

Зарим иргэн “Ногоон зээл”-ийн талаар мэдээлэлгүй, хүйтэрсний дараа энэ талаар сонссон тухайгаа хэлж байлаа. Тиймээс ирэх намраас зээл хөөцөлдөж, гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаалт тавих хүсэлтэй хүнтэй цөөнгүй таарлаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүр­гийн оршин суугч Л.Очирбатынх хоёр давхар байшингаа дулаалахад 15 орчим сая төгрөг шаардлагатай байгаа тул “Ногоон зээл”-ийн талаар судалж эхэлжээ. 

  “НОГООН ЗЭЭЛ”-ИЙН ТҮГЖЭЭГ МУЛТАЛЪЯ

 “Агаарын бохирдлыг буу­руулахад иргэдийн оролцоо” сэдвийн хүрээнд бид угаар мэдрэгчийн талаар болон зээлээр бус өөрсдийн боломжид тулгуурлан гэр, байшингаа дулаалж, халаалтаа цахилгаанаар шийдэн тав тухтай амьдарч буй айл өрхийн арга барил, туршлагаас хуваалцсан бол энэ удаад “Ногоон зээл”-д хамрагдаж, дулааны асуудлаа шийдэхийг хүссэн ч тусыг эс олж буй тухай хөндлөө. “Ногоон зээл”-ийн түгжээг мулталбал, ногоон хотыг бүтээхэд ихээхэн хувь нэмэр оруулах бүрэн боломжтойг иргэдийн хандалт, эрэлт харуулж байна. Иймд “Ногоон зээл”-ийн санхүүжилтийг буцааж татах бус харин ч холбогдох талын удирдлагууд шаардлага нөхцөлөө эргэн харж, иргэд, аж ахуйн нэгжийн боломж, бололцоонд нийцүүлж, уян хатан болгохыг үүгээр дамжуулъя. Мөн “Ногоон зээл”-ийн талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх нь чухал. Тэгж чадвал хамрагдалт нэмэгдэж,  олон иргэн, аж ахуйн нэгжийн “ногоон” хүсэл биелж, тэр хэрээр агаарын бохирдол буурна.

С.Юмсүрэн