Д.Нямхүү: Бид бүхэн ядрахгүйгээр үүргээ биелүүлнэ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр хоёрдугаар сарын 27-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, Дорнод аймагт тусгаарлагдсан нэг тохиолдол буюу нийт таван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.

Тэрбээр "Хоёрдугаар сарын 28-нд ХӨСҮТ-д таван тохиолдол тусгаарлагдаж, лабораторийн үзлэг, тандалт судалгаа хийгдэж байна. Мөн хоёрдугаар сарын 28-нд 34 хүн, Асралт Мед эмнэлэгт 14 хүн, Сэлэнгэ аймагт дөрвөн хүн буюу нийт 52 хүн ажиглалтад ороод байна. Бид бүхэн ядрахгүйгээр үүргээ биелүүлнэ. Хамгийн гол нь иргэд дэмжиж асуудал учруулахгүй байж, үргээ биелүүлбэл бид ч гэсэн сэтгэл санаагаар тайван ажиллана. Бүх ажилд дарааллын дагуу хянамгай хандах тул санаа зоволтгүй. Ажиглалтад орж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж ачаалал ихсэж байгаа учраас ажиглалтад авах газрууд хэрэг болж, нэмэгдэх шаардлагатай байгаа. Тиймээс хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас хүсэлт ирж байгаа юм байна. Замын-Үүдэд байгаа 104 хүний ажиглалтын хугацаа дуусаж, гэр рүүгээ явж байгаа" гэв.