Уран сэтгэмж, ур дүй шингэдэг БИЗЕР урлал

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ А.Хонгорзулыг урьсан юм.


Тэрбээр Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжил эзэмшиж төгссөн сургууьдаа ажиллаж байгаад ханийхаа хамт Дархан хотод шилжиж очжээ. Шинэ газарт таних хүнгүй тул гэртээ байх хугацаагаа бүтээлчээр өнгөрүүлэхээр охиндоо үсний боолт хийж эхэлсэн байна. Багын урлан бүтээх, зураг зурах болон мяндсан сүлжмэл бугуйвч, уран хатгамал  оёх сонирхолтой тэрбээр  оюутан ахуй цагтаа ч өөрийнхөө хэрэгцээний гоёл чимэглэлийг гарын доорх материалыг ашиглаад хийгээд зүүчихнэ.

Гар урлалын гайхамшиг гэгддэг бизер урлалаар бүтээл туурвигч бүсгүй өдгөө өөрийн гэсэн урлан үйлчлүүлэгчтэй болжээ.  Бизерээр хийсэн бугуйвч, бөгж нь тухайн үедээ их гоё болсон юм шиг санагдаж байсан хэмээн ярих А.Хонгорзул өнөөдөр үндэсний хэв шинжийг агуулсан толгойн гоёл, хүзүүний зүүлт, ээмэг, цүнх зэргийг өнгө загварын өргөн сонголттой урлаж байна.

No description available.

“ 2017 онд сутаж Монголд орж ирэхэд их гоё санагдаж хийх гэтэл материал ховор байсан учир хээтэй шаазангийн хагархайгаар хийсэн. Анхны бүтээлээ одоо харахад дутагдалтай тал их бий. Гэхдээ цаг тутамд дутагдлаа засч илүү чамин, цэвэр цэмцгэр урлахыг хичээсээр өдий хүртлээ өсөж хөгжсөн байна. Монголчууд бид их үндсэрхэг үзэлтэй. Тиймээс үндэс угсаа, өв соёлоо эрхэмлэж явдаг. Энэ үзлээ үйлдлээр илэрхийлж үндэсний хэв шинжийг агуулсан  орчин үеийн бүтээлүүд хийхийг зорьдог” гэв.

Өнгөлөг, загварлаг өвөрмөц хэв шинж, өнгөний зохицол  агуулсан бүтээл хийхэд материал маш чухал. Тиймээс судалгаа сайн хийхийг зорьдог гэнэ. Бизер урлал нь урлаачаасаа мэдрэмж шаардахаас гадна шүрийг нэгбүрчлэн шигтгэж оёдог учир ажиллагаа ихтэй.  Уйгагүй хөдөлмөр уран сэтгэмжээр хослож бүтдэг тул  хугацаа шаардана. Түүний ажил цаасан дээр санаагаа буулгахаас эхэлнэ. Дараа нь эсгийн дээр зурж, материалаа сонгож, шүрээ  тойруулан оёж бүрнэ. Үүний дараагийн шат дамжлага ар хэсгээр нь савхи барьж, ирмэглэж оёсноор эзэндээ очиход бэлэн болдог.

No description available.

А.Хонгорзулын урлан одоогоор сутаж, бизер, уран хатгамал, хувцас чимэглэл, аксессуар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүд цүнх, хувцсаа шүр, сувдаар чимэглүүлэх болсныг тэрбээр онцолж байсан юм. Эсгий үйлдвэрлэл эрхлэгч, ноос ноолууран хувцас сүлжмэл, монгол хувцас урлал зэрэгт чимэглэл хийж илүү чамин тансаг хэрэглээг бий болгохоор зорин ажиллаж байгаа аж.

Дэлхий дахинд гар урлалын бүтээл өндөр үнэтэй зарагддаг ч монголд эсрэгээрээ үнэлэмж багатай.  Урлаачид ур ухаанаа шингээж хийсэн бүтээлээ хүссэн үнэдээ хүргэх боломж төдийлөн хомс. Тиймээс А.Хонгорзул ашиг олохоосоо илүүтэйгээр олон нийтийн хэрэглээ болгох хүсэлтэй. Түүнийг бүтээл хийж эхлэхэд материалын олдоц орон нутагт муу байжээ. Бүр олдохгүй бол Улаанбаатар руу захиж хүлээнэ. Эл асуудлыг шийдвэрлэхийн тулд урлалдаа ашиглах материалаа  өөрөө гаднаас оруулж ирж өнгөрсөн онд гар урлалын  материалын дэлгүүрээ нээсэн байна. Ингэснээр ямар нэгэн саад бэрхшээл тулгарахгүйн дээр хүссэн загвараа урлахад ч урамтай болжээ. “Хэчнээн цаг хугацаа зарцуулаад ч материал буруу сонгосон бол хийсэн зүйл минь ямар ч үнэ цэнгүй болдог. Тиймээс материалын чанар өнгө үзэмжид маш их анхаардаг” гэлээ.

No description available.

А.Хонгорзул 12 жилийн боловсролын системд орчин үеийн гар урлалыг нэвтрүүлчих юмсан гэх гэгээлэг хүсэл зорилготой.  Ирээдүй хойч үеэ хөдөлмөрч хичээнгүй иргэн болж төлөвшихөд бага ч болов хувь нэмэрээ оруулахсан гэж  бодож явдаг аж. Урлангийнхаа урын сангийн тоог нэмэгдүүлж, үйлдвэр болтол өргөжүүлэхийг зорин ажиллаж байна.

Бүтээл хийгээд сууж байхад нэгэн үйлчлүүлэгч орж ирээд “Хятадууд ч айхтар шүү. Монголчууд бидэнд зориулаад толгойн гоёл, бүс, гэзэгний уутыг хүртэл хийчих юм” гэж эгдүүцсэн гэдэг. Тухайн үед А.Хонгорзул “Би өөрөө хийдэг юм аа гэж тайлбарлаад  хийсэн бүтээлүүдээ танилцуулахад бахархаж байгаагаа хэлээд урамын сайхан үгсийг хэлсэн байна. Эдгээр үг түүний сэтгэлд одоо ч тодхон санагддаг.

Үндэсний өв уламжлалыг шингээсэн бүтээл урлахыг эрхэмлэдэг А.Хонгорзул эмэгтэйчүүд гоёл чимэглэлээ зүүхээр эрхэмсэг гоо нь илүү их тодорч үзэсгэлэн төгөлдөр харагддаг гэлээ...

  C.Ичинхорлоо

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.