С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Сонгуулийн сурталчилгааг хамт хийхийг уриалав
Хуульд зааснаар МАН, АН, ХҮН-ын, У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат гурван нэр дэвшигчтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ирэх даваа гарагаас эхэлнэ. Хуваарь ёсоор нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулсан зургаа дахь Төрийн тэргүүнийг сонгох сонгууль албажих учиртай. Үүнтэй холбоотойгоор С.Эрдэнэ тэргүүтэй М.Тулгатын АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ өрсөлдөгч намууддаа уриалга хүргүүлж буйгаа мэдэгдэв.
Ингэхдээ “АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх МАН, ХҮН-ын нэр дэвшигчдэд хандан уриалга гаргаж байна. Цар тахалтай хүнд нөхцөл байдалд сонгууль болох учраас мөнгө цацсан үрэлгэн сонгууль болгохгүй байя. Цар тахалтай, дээр хугацаа богино учраас бүх аймгаар явж чадахгүй. Тиймээс нэр дэвшигчид орон нутгуудад уулзалтуудаа хамтарсан байдлаар хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодлогын мэтгэлцээнийг таван удаа явуулж, ард түмэнд хүртээмжтэй байдлаар мэдээллийг өгөх урилгыг хүргүүлж байна. Сурталчилгааны материал, самбар, тараах материалыг нэр дэвшигчид нэгдсэн байдлаар зохион байгуулж, хамтад нь тараах саналыг өрсөлдөгч намуудад хүргүүлсэн” гэдгийг тодотгосон юм.
Харин генсек Ч.Өнөрбаяр “АН-ын тамга, бүртгэлтэй холбоотой маргааныг шүүх эцэслэсэн. Дээд шүүхээс Ц.Туваан нь хууль зүйн хувьд АН-ыг төлөөлөх боломжгүй, тамга тэмдэг нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш гэж үзсэн учраас тамганы маргаан эцэслэгдсэнийг үүгээр мэдэгдэж байна” гэв.