С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Оюун-Эрдэнэ: Чингис хот-Бэрх чиглэл олон улсын автозам болно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт албан томилолтоор ажиллаж байна. Тэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тавьж байгаа автозам, тэр дундаа Чингис хот-Бэрх чиглэлийн хатуу хучилттай автозамын ажлын явцтай танилцлаа.
Эхний 20 км автозамыг “Наранбулаг-Хан” компани 2019 онд ашиглалтад оруулсан. Үлдэх 50 км замыг ирэх онд хүлээлгэж өгөх бөгөөд явц 50 хувьтай байна. Чингис хот-Бэрхийг хатуу хучилттай замаар холбохоор Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан юм.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Орон нутгийн томилолтыг эдийн засагтайгаа уясан байдалтай явж байгаа. Энэ удаагийн томилолт их чухал. Засгийн газар хилийн боомтуудаа хатуу хучилттай замаар холбохыг зорьж байна. Аялал жуулчлалын энэ зам Ульхан боомтоор дамжин ОХУ-руу шууд гарах гарц, нэг үгээр хэлбэл олон улсын автозам болно. Цаашид Хавирга, Ульханы боомтыг холбовол бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна бүс нутгийн нийгэм, эдийн засагт үр ашгаа өгнө. Аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэхдээ шат дараатайгаар буюу төлөвлөгөөнд үндэслэн бүтээн байгуулалт хийх нь илүү үр ашигтай” гэлээ.