С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хатагтай В.Матвиенкогийн мэндчилгээг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардууллаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.
Ноён, Элчин сайд И.К.Азизов “Монгол Улс Ковид-19 цар тахалтай амжилттай тэмцэж, вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын эгнээнд явж буйд бид баяртай байна. Цар тахлын аюулаас сэргийлэх, даван туулах Монгол Улсын чармайлтад найрамдалт ОХУ өөрийн хувь нэмрийг оруулах, энэ талаарх яриа, тохиролцоогоо хугацаанд нь биелүүлэхийн төлөө чармайж байна. “Спутник” вакцины дараагийн ээлж зургадугаар сарын 6-7-нд ирэх болно” гэлээ.
Тэрбээр ОХУ-ын Холбооны Хурал эдийн засгаа Ковид-ын өмнөх түвшинд хүргэх чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын төр, засгийн бодлого, шийдвэрийг анхааралтай ажиглаж, худалдаа, эдийн засгийн болон хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаагаа сэргээн идэвхжүүлэхийн төлөө байна хэмээн тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийх айлчлалын үеэр бүх түвшний харилцаа холбоог сэргээх, хил нээх зэрэг асуудлаар ярилцан тохиролцоно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Уулзалтын үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкогоос Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт ирүүлсэн Ялалтын баярын мэндчилгээг гардуулан өгөв.
Уг мэндчилгээнд, “…Манай ард түмнүүд дайны хүнд хэцүү цаг үеийг тэвчээр гарган даван туулсан бөгөөд өвөг дээдсийн баатарлаг гавьяаны дурсамжийг хадгалсаар ирсэн. Фашизмтай тэмцсэн тэмцэлд оруулсан Монголын ард түмний хувь нэмэр үнэлшгүй юм.
Дайны он жилүүдэд бэхэжсэн найрамдал нь Орос, Монголын харилцааг улам өргөжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагааг манай улс орнуудын ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдэгт найдаж байна. Ноён дарга Танд болон Улсын Их Хурлын нийт гишүүдэд хууль тогтоох хариуцлагатай ажилдаа амжилт гаргахыг ерөөе” гэжээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар элэгсэг дотно мэндчилгээ ирүүлсэн ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкод талархал илэрхийлж, Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хатагтай В.И.Матвиенко Монгол Улсад албан ёсоор айлчилна гэдэгт итгэж байна гэлээ.
Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийх айлчлалынхаа үеэр Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга Константин Иосифович Косачевтэй уулзана. Энэ уулзалтаар хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны сэдвээр яриа хөөрөө өрнүүлэх нь дамжиггүй. Бид харилцаагаа илүү өргөн хүрээнд, гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэж онцоллоо.
Ноён, Элчин сайд И.К.Азизов зургадугаар сарын 29-нд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Олон улсын харилцааны байнгын хороо, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан цахим хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөж буйг мэдэгдсэн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, Байнгын хороодын хамтарсан хуралдааны бэлтгэлийг сайтар хангаж, үр дүнтэй зохион байгуулахад анхаарал хандуулах болно гэлээ. Тэрбээр уулзалтын төгсгөлд Элчин сайд Искандер Кубарович Азизовт маргааш тохиох төрсөн өдөрт нь мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, аз жаргал, сайн сайхныг хүслээ.