Ц.Нямдорж: Хөл хориотой байхад сая жуулчны асуудал ярихад хэцүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, Засгийн газрын сайд нар холбогдох чиглэлийн хүрээнд хариулт өгч байна. Энэ үеэр Хэрэг эрхлэх газрын сайд Ц.Нямдорж "Нэг жилийн төлөвлөгөөний тухайд хуулийн дагуу анх удаа гарч ирсэн баримт бичиг. Нэг сая жуулчин оруулах ёстой гэсэн асуудал гарч байна. Энэ жил бүх улс орон хөл хорионд орчихсон байж байхад сая жуулчны асуудал ярихад хэцүү.

Жилийн төлөвлөгөөг ямар хэлбэрээр гаргана гэдэг нь өөрөө асуудал болчихоод байна. Эх үүсвэрийн тодорхойлоод Үндэсний хөгжлийн газартай нэгтгэсэн хуулийн төслийг оруулж ирж байгаа юм. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн 4.1.11-д “Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө” гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан зорилго, зорилтыг тухайн жилд хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг тусгасан төсөл, арга хэмжээ бүхий төлөвлөлтийн баримт бичиг байна гээд заачихсан" гэлээ.