Найман жилийн хөдөлмөрийн ургац “Like Online Brand shop”

“БИЗНЕС ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ” цуврал нийтлэлийн анхны зочноор охид бүсгүйчүүдийн дунд орон зайгаа эзэлсэн “Like Online Brand shop”-ийг үүсгэн байгуулагч Д.Үүрийнцолмонг урьсан юм. Бүхнийг тэгээс эхлүүлж, бизнесийн салбарт уналт, босолттой нүүр тулсан ч ухрахгүй урагшилсаар өнөөдрийг хүрсэн дайчин бүсгүйн амжилтын нууц, амьдралын замналыг хүргэе.

Багын даруухан бүрэг ичимхий байсан охин өнөөдөр өөрийгөө 380 хэм өөрчилжээ. Эцэг, эхийнхээ авч өгсөн хувцсыг өмсдөг, голж шилэхийг мэдэхгүй ч гангалмаар санагдсан үедээ ээжийнхээ шүүгээг нууцаар ухаж, даашинзыг нь өмсөөд толины өмнө эргэлддэг байсан нь түүний сэтгэлд дурсамж болон үлджээ.

Хүүхдээ гэсэн хүсэл түүнийг бизнесийн салбар руу хөтлөв

“Ирээдүй цогцолбор” 86, “Сити” дээд сургуулийг гоо засалчаар төгссөн ч мэргэжлээрээ ажилласангүй.  Амьдрал түүнийг өөр жим рүү хөтлөв... Гурван сартай охиноо хөхүүлэх залуухан бүсгүйд байсан өмч хөрөнгө нь ердөө л нөүтбүүк. Интернэтээр дамжуулж, дэлхийн өнцөг булан бүрт болж буй үйл явдлыг харж суутал захиалга авдаг Хятад сайтын тухай талаар олж уншжээ. Тэр даруйдаа тэнд сурдаг дүүтэйгээ холбогдож, асуухад “Захиалга хийж болно” гэсэн хариу авсан байна. “2013 онд одоогийнх шиг юм бүхэн ил тод нээлттэй биш байсан. Хэдэн өдрийн турш бодсон. Зориг шулуудаад пэйж нээж, захиалга авч үзье гээд өдөр шөнөгүй зураг оруулаад байлаа. Маш хямдаар захиалга авч байсан болохоор дорхноо хүмүүст танигдаад эхэлсэн. Хоногийн 24 цагийн дөрөвт нь унтана. Бусад үед нь охиноо харахын хажуугаар захиалга авна. Өмнө нь би ямар ч ажлыг тэгж уйгагүй чин сэтгэлээсээ хийж байгаагүй болохоор ядарснаа ерөөсөө санадаггүй юм” гэв.

Бизнес хийх хүсэл байснаас Д.Үүрийнцолмонд нэг ч төгрөг битгий хэл төлөвлөгөө ч байсангүй. Хэрэгцээгээ хангаж, охиноо хоолтой байгах ганцхан хүсэл байв. Хадмындаа амьдарна. Нөхөр нь энхийг сахиулах ажиллагаанд явсан учраас өөрийгөө дайчилж, онлайнаар ажиллах сонголттой нүүр тулсан байна.

Амжилттай ажиллахын тулд асар их хөдөлмөрлөхийн хэрээр саад бэрхшээл бүрийг даван туулж байв. Нэг гутлаа хоёр жилийн турш өмсч, жирэмсэн байхдаа хүнсний дэлгүүрийн үүдэнд амттан хараад шүлсээ залгиад өнгөрнө. Оюуныхаа цараас ургуулж бүтээсэн “Үнэт зүрхэнд” хэмээх яруу найргийн түүвэр номтой. Номынхоо мөнгийг авахаар бүх номын дэлгүүрээр явсаар охиноо төрүүлжээ. “Надад үнэхээр амьдралын шаардлага байсан юм. Хүн хэчнээн хөрөнгө мөнгөтэй байлаа гээд хичээхгүйгээр, зүрх сэтгэлээ зориулахгүйгээр амар хялбар замыг сонговол тэр хөрөнгө оруулалт зүгээр цаас шиг салхинд хийснэ. Хийх хүнд арга нь олддог, хийхгүй хүнд шалтаг мунддаггүй гэж үнэн үг шүү” хэмээв.

Хүргэлт хийж явсаар үүр цайхтай уралдан гэртээ ирнэ

No description available.

Д.Үүрийнцолмон төмөр замд байрлах дэлгүүрээ 2015 онд нээжээ. Дэлгүүртээ болтлоо хоёр жилийн турш бизнесийн салбарт тохиолдох эрсдэлийг өөрийн биеэр мэдэрсэн гэнэ. Пэйж хуудаст цаг тутамд зураг оруулна. Захиалга авна. Бэлэн бүтээгдэхүүн авчирч зарын групп рүү түгээнэ. Хүргэлтээр явж бараагаа зарна. Гэр нь Нисэхэд учраас хүмүүс очиж үзэхгүй. Өглөөнөөс өдөр хүртэл хүргэлтийн захиалга аваад 18.00 цагаас шөнийн 02.00, 03.00 хүртэл тараана. Айлын хаалга хайгаад хаа сайгүй л явна. Их хотын түгжрэлтэй нүүр тулсаар үүр цайхтай зэрэгцэн гэртээ ордог байсан үе түүнд олон. Ажилдаа эзэн болж ирснийг анхны үйлчлүүлэгчид нь мэднэ. Одоо тэд дэлгүүрийн хүндэт зочид болжээ. Тэдэнд үргэлж баярлаж, талархаж явдгаа Д.Үүрийнцолмон ч хэлж байсан юм.

Салбараа огт судлаагүй ч чадна гэдэг мэдрэмжиндээ итгэсэн нь амжилт дагуулжээ. “Үнэнийг хэлэхэд судалгаа хийгээгүй. Цэвэр мэдрэмж, багахан чаддаг зүйлээ өнгөлж, өөрт байгаа бүх бололцоогоо ашиглаж өдийг хүртэл явж байна. Тэгэхээр бусдыг даган дуурайх ч юм уу? Тэгэх болов уу гэсэн ямар ч айдас тээлгүй өөрийн зарчмаа дагаж, гараа хумхилгүй ажилладаг” гэдгийг онцоллоо.

Бүгдийг цахимаар

“Like Online Brand shop” цахим учраас бүх ажил түүгээр явна. Гаднаас бэлэн хувцас оруулж ирдгээс үүдэж Д.Үүрийнцолмонг үүргэвчээ үүрээд хилийн дээс алхдаг гэх төсөөлөл хэн хүний толгойд бууна. Бодит байдалд тэр гуравхан удаа Хятад руу явжээ. Ажлын бус аяллын шугамаар. Интернэтээр захиалга хийж ажиллахыг илүүд үзнэ. Дэлгүүрийн нэрийн утга учир тэнд оршино, түүгээр илэрхийлэгдэнэ. Ажилчидтайгаа байнгын онлайнаар харилцаж, тайлан тооцоогоо хийнэ. Нүүр тулаад уулзах нь ховор. “Хятад бол маш том зах зээлтэй, хязгааргүй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон. Хөлөөрөө яваад хайгаад өөрийнхөө авах загварыг ирэхээр олддоггүй. Олдсон ч үнэ дээрээ тохирохгүй асуудал маш их гардаг. Харин интернэтээр хүссэн бараа, загвараа асар хурдан хугацаанд боломжийн үнэд тохируулж худалдан авалт хийх боломжтой. Хамгийн гол нь аль үйлдвэрийн бараа ямар чанартай ирдгийг мэддэг байх нь бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөг. Үнийн хөөрөгдөлгүй чанартай бүтээгдэхүүн авчрахыг хичээж ажилладаг” гэв.

Аливаа ажлын эхлэл чухал. Түүний анхны авчирсан бараа захиалгынх. Бүгд эзэнтэй. Үйлчлүүлэгчид пэйжээс нь загвараа хараад захиалга өгнө. Бараагаа хүлээлгэж өгөөд мөнгөө хурааж, хуримтлуулж, олсон орлогоороо машин худалдан авсан нь саяхан мэт.

No description available.

Бэлэн хувцас борлуулна гэдэг хэцүү. Хүн бүхэнтэй эелдэг харьцах шаардлагатай. Сайн муу нийлж сав дүүрдэг. Үүн шиг зан сайтай хүмүүс олон байхад харцаараа “зодох” характертай нэгэн ч бий. Дундах хүүгээ төрүүлээд удаагүй байхад нь нэгэн бүсгүй “Нисэх рүү очиж явна, бараа үзнэ” гэж утсаар ярьжээ. Тор дүүрэн юм барьчихсан “Айлд хоосон орж ирж чадсангүй” хэмээгээд Д.Үүрийнцолмонд өгчээ. Сүүнээс эхлээд сэтгэл шингэсэн зүйлс байсныг хараад баярлаж, хожим нь гэгээхэн бодолтой бүсгүйтэй үе зайгүй найз болсон гэнэ.

Өргөжин тэлж, өсч өндийсөн он жилүүд

2013 онд бизнесээ эхлүүлсэн бүсгүй 2015 онд анхны дэлгүүрээ нээсэн бол зургаан жилийн дараа хоёр дахь салбар дэлгүүр нээжээ. Бизнес хийнэ гэдэг баргийн хүний зориглоод хийх ажил биш. Шантарч, шаналах үе бишгүй. Эргэлтийн хөрөнгийн асуудал тулгарна, тушина. Тэр бүхнийг шийдэх цорын ганц гарц нь бага багаар урагшлах. Бизнесийг тууштай тогтвортой үргэлжлүүлэхэд хөрөнгөнөөс илүү мэдрэмж, овсгоо байхад бүхнийг бий болгоно гэдэгт Д.Үүрийнцолмон бат итгэдэг. “Заримдаа их хүүтэй  мөнгө хүнээс зээлэх тохиолдол гарна. Авсан мөнгөөрөө бараа захиалаад хүлээж байх зуур ирж яваа машин нь замдаа юу ч үгүй шатаад ямар ч хохирол барагдуулж өгөхгүйгээр хэрэг нь хаагдаж байлаа. Захиалга нь бага зэрэг удсаны төлөө луйварчингаар дуудуулна. Байр авах гээд төлөлт хийгээд явж байсан ч бүтэлгүйтээд хөхөө өвлийн хүйтэнд гурван хүүхэдтэйгээ хөөгдөөд гарах шахаж байлаа. Магадгүй миний асуудал боловч хүн бүхэнд тохиолддог бэрхшээл. Бүх зүйл сайхан болно гэдэг үгээр өөрийгөө тайвшруулж, урамшуулаад амьдарч байна даа…” гэдгийг хэлэв.

Хэнд ч мөнгө зээлдэггүй хатуу зарчмаар ажилладаг

Найман жилийн хичээл зүтгэл, хөлс хүч хөдөлмөрөө шингээсэн 170 мянган дагагчтай дэлгүүрийнх нь пэйж хуудас нэг л өглөө сэрэхэд ор сураггүй алга болжээ. Учир нь олдсонгүй. Дахиад шинэ хуудас нээж, дахин бүхнийг эхнээс нь хийв. Чадна гэсэн итгэл нь түүнийг хөтөлсөөр ирсэн, ирээдүйд хөтлөх ч болно.

Бизнес эрхэлж байгаа хүн бүхэн өөрийн гэсэн арга барилаар ажиллана. Д.Үүрийнцолмонгийн хувьд тооцооны тал дээр ээжтэйгээ ч яс хийнэ. Хэн нэгэнд мөнгө зээлүүлдэггүй. Нандин сайхан найз нөхөрлөлийн холбоотой ч өгөхгүй. “Би гурван хүүхдээ ганцаараа өсгөж, тэжээх гэж өвдөх ч эрхгүй ажиллаж байж хэн нэгэнд яагаад мөнгө зээлэх ёстойгоо ойлгодоггүй. Учирлаж, ойлгуулж хэлнэ. Одоо хэн ч асуудаггүй. Хэрвээ таны найз талх зарж байвал үнээр нь ав. Үнэн үг. Найз минь ямар нэгэн зүйл ажиллуулах гэж хичээж байвал чин сэтгэлээсээ дэмжихийг хичээдэг” гэв.

Тэрбээр хүмүүс амрах үед би ажиллах ёстой гэсэн зарчимтай. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүх газрууд хаагдахад “Like Online Brand shop” онлайнаар ажиллаж байв. Хил гааль дээр ямар нэгэн асуудал үүсэхгүй бол амрахгүй. Бүх зүйлд боломж байдаг гэдгийг бие сэтгэлээрээ ойлгож яваа залуухан, завгүй ээж өөрийн гэсэн орон сууцтай болж, өхөөрдөм үрсээ тохь тухтай орчинд амьдруулахын тулд зүтгэж явна хэмээн инээмсэглэх. Өдгөө хүүхдүүд болон ар гэрийн ажлыг хуурай охин дүүдээ хариуцуулжээ. Их ажлын хажуугаар хүүхдүүдийнхээ хүмүүжил, боловсролд анхаарлаа сайн хандуулна.

No description available.

Нөүтбүүктэй ажлаа эхлүүлсэн бүсгүй өдгөө найман хүн цалинжуулж, хоёр салбар дэлгүүр нь таван төрлийн тасгаар бүл нэмжээ. Тэдгээрт нь бэлэн болон дотуур хувцас, хүүхдийн бараа, гоёл чимэглэл, гэр ахуйн бараа худалдаалж байна.

Өрсөлдөөн ихтэй бизнесийн салбарт маркетинг чухал. Хоёр дэлгүүр байрлал сайтай, хөл хөдөлгөөнтэй газар байдаг болохоор бүтээгдэхүүнээ сурталчилна. “Like Online Brand shop” хуудас руу ороход бүх барааны үнэ хэмжээ бичээтэй. Хэрэглэгчийн цаг завыг хэмнэх үүднээс гэрээсээ дэлгүүр хэсэх боломж олгодог нь энэ.

Өглөө сэрээд хамгийн чухал буюу яаралтай ажлаа амжуулснаар амьдралынхан нэг өдөр эхэлнэ. Бараа захиалгаа явуулах, ирсэн бараагаа янзалж, цэгцлэх зэргээр бүх ажилдаа өөрөө оролцоно. Ажил багатай үедээ хүүхдүүдтэйгээ хамт байж, цагийг хамтдаа үр бүтээлтэй өнгөрүүлнэ.

Заримдаа хүүхдүүдтэйгээ цуг дэлгүүр дээрээ шинээр ирсэн бараагаа янзалж цэгцлээд гэр рүүгээ хамтдаа алхах сайхан. Хэдий үрс нь бага балчир ч хөдөлмөрийг хажуунаас нь харж гар бие оролцох нь ажилсаг болоход нөлөөлнө.

С.Ичинхорлоо 

https://www.facebook.com/Likeonlineshopbrand пэйж хуудсаар холбогдоорой. 

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.