А.Ариунзаяа сайдад ухрах шалтгаан үлдсэнгүй

...Халамжийн бодлогоо эргэж харахгүй бол болохгүй нь. 243 мянган хүн хүнсний талон авч байна. Мянгат малчин хүртэл хүнсний талон авч байна. Сумын нийт иргэдийн 60 гаруй хувь нь группт орсон байна гэж байна...

Энэ бол 2020 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийсний дараа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хэлсэн үг. Өдгөө тэр Монгол Улсын тэргүүлэх салбар Боловсрол, шинжлэх ухааны сайдын албан тушаалд дэвшсэнийг эс тооцвол халамжийн бодлого тойрсон хавтгайрсан олголтод хараахан салхи орсонгүй. Оруулах ч гэж сэхээ авалгүйгээр 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн циклд зориулсан Намын мөрийн хөтөлбөр дагасан амлалт, амьжиргааны төвшнөөс шууд хамаарах халамжийн хавтгайрсан бодлого ямар нэгэн цензургүй өдөлсөн юм.

Ямар ч байсан “Ах Нам” санасандаа хүрч 12 жилийн дараа өөрийн шошготой Төрийн тэргүүнтэй болсон нь халамжийн бодлогыг хазаарлах нэг шалтгаан, сэдэл болов. Гэхдээ л сайд Л.Энх-Амгалан парламентын "жинхэнэ" гишүүн байхдаа хэлсэн үг, дэвшүүлсэн зарчмын байр суурь өнөөдөр биеллээ олсон уу? гэвэл худлаа. Эсрэгээрээ дүүрэг, хорооны хэсгийн ахлагч нар өөрийн хаяг дээр хүнсний талон авч байсан асуудал дэгдсэнээс бусдаар амжилт олоогүй. “Ковид-19”-ийн цар тахлын нөхцөл байдал, түүнд дөрөөлсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал ч хавтгайрсан халамж, албан тушаалаараа дамжуулж Төрөөс шимэгчдийн үйлдэлд анхаарах сөхөө олгоогүй юм.

Сонирхолтой нь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хүнс, тэжээлийн олгох журамд өөрчлөлт оруулж, халамж тойрсон зарим хавтгайралд салхи оруулах шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-гаас дээш малтай хүмүүсийг халамжаас шууд хасахаар болжээ. Харин хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд сургах, ажилд зуучлахаар болсон байна. Уг шийдвэр бодит агуулга нь халамжит бүлгийг мөнгө олгоод орхих биш, харин туслан дэмжиж тулж ажиллахыг эрмэлзэхэд чиглэсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, "Хүнсний эрхийн бичиг /талон/ анх манайд 2007-2008 онуудад анх нэвтэрч байсан. Одоо ойролцоогоор 42000 өрх, 230000 иргэн хүнсний эрхийн бичигт хамрагдаж байна. Үүнд энэ жилийн хувьд 33,6 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан.

Өнөөдөр мянгат малчин хүнсний талонд хамрагдаж байна, дэлгүүрээс хүнс авч гараад жипенд суун явж байгаа хүн байна, хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэг мөртлөө хүнсний талон авч байгаа иргэд байна шүү дээ гэх иргэдийн шүүмжлэл бий. Үүнийг бид нотлох боломжтой. Төр засаг өнөөдөр өөрт байгаа мэдээллээ ашиглах ёстой. Өнөөдөр бид төрийн мэдээллийг хянаж шалган энэхүү дэмжлэгийг авах ёсгүй иргэдийг хасах болно" гэдгийг тэрбээр мэдэгдэв.

Журамд өөрчлөлт оруулснаар хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулах бус НӨАТ-ын баримт олгодог, кассын системтэйг нь сонгохоор болсон нь бас нэгэн давуу тал. Өөрөөр хэлбэл, иргэн өөрөө сонголт хийж, үйлчлүүлэх боломжийг нээж өгчээ. Жишээ нь, 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүлснээр журмын өөрчлөлтийн нэг авууштай тал нь. Тийм ч байж болох. Гэхдээ энд нэг асуудал байна. Тэр нь холбогдох журамд нэгэнт өөрчлөлт оруулж, хавтгайрсан халамжийг дэгэнд нь оруулахаар зориг шулуудсан бол хувьдаа хаус төдийгүй хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй атлаа хүнсний талон авч ирсэн иргэн, айл өрхийг хуулийн байгууллагад давхар шалгуулъя. Амьжиргааны төвшин дунджаас дээгүүр мөртлөө албан тушаал, ашиг сонирхлоороо дамжуулж, Төрийн халамжаас хүртэж, бусдынхаа боломжийг хулгайлж суугаа нь өөрөө гэмт хэрэг. Томоор харвал ЖДҮ-ийн зээлийг УИХ-ын гишүүд, сайд, дарга нар хүртсэн асуудалтай агаар нэг асуудал.

Тэгэхээр хэн гэдэг хүн, албан тушаалын давуу байдлаа ашиглаж, Төрийн дэмжлэг очих ёстой айл өрхийн өмнүүр гишгэсэн тэдгээр эрхмүүдийг давхар зарлаж, хуулийн байгууллагаар шалгуулж, холбогдох хариуцлагыг нь тооц сайд аа! Үүнийг нэг танхимд, тохой нийлүүлэн суугаа сайд Л.Энх-Амгалан ч хоёр гараа өргөөд дэмнэж, дэмжиж, шахах хүний нэг. Төрийн бодлого хэн бүхэнд хүртээмжтэй хүрэх нь зүйн хэрэг ч, Төсвийн мөнгө уйлдаггүй байж болохгүй.

Г.Эрхэс