Хошууч генералын барцад

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, тагнуул, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга бүхий гурван хүнд генерал цол олгосны нэг нь ЦЕГ-ын дарга Ж.Болд. 2020 онд тус газрын даргаар томилогдож, жилийн дараа хошууч генерал мөрдэс зүүсэн нь Ж.Болд даргын ажлын тавцанд гарсан хамгийн том өөрчлөлт гэж хэлж болно. Цагдаагийн байгууллага үүсч, хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож буй нь ч хөшүүрэг болсон байж мэднэ.

Гэвч шинэхэн хошууч генерал даргатай, 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байгаа цагдаагийн байгууллагад нэгэн таагүй үйл явдал өрнөсөн нь хоёр иргэнийг зодож, хэд хэдэн удаа нүүр рүү нь цохиж байгаа бичлэг сошиалд цацагдлаа.

Хэв журам зөрчсөн иргэнд сануулга өгөх, гарч болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь цагдаагийн үүрэг. Гэвч гавлаж байгаад зодож, биед нь гар хүрч, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулах нь өөрөө эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Хууль зүй дотоод хэргийн сайдад үүрэг өгсөн байна. Тодруулбал, Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож танхайрсан асуудлыг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооцуулах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгчээ. Ямартай ч цагдаагийн алба хаагчтай холбоотой асуудал дан ганц иргэний биед халдсан хоёр хүний ёс бус үйлдлээр хязгаарлагдахгүй бололтой. 

Нэг үгээр иргэний бие махбодид ноцтой хохирол учруулж, сэтгэл санааны дарамтад оруулж байгаагаар бичлэгт үлдсэн цагдаагийн алба хаагчдыг ажлаас нь халаад зогсохгүй ямар шийтгэл ногдуулах нь Хуулийн сайд Х.Нямбаатар хошууч генерал Ж.Болд нараас бүрэн хамаарах нь. 

Г.Эрхэс