Амьдралын их далайг гэтэлж яваа “ХОС ХУН”

Алс холын арлын Япон орны алдарт балетчин Тамура Мина хэмээх үзэсгэлэнт бүсгүй ажлын урилгаар Монголд ирсэн нь амьдралын хань, алаг үрсийнхээ аав Б.Төгөлдөртэй учрах гүүр болов. Тэднийг бүжгийн урлаг холбож,  хайр сэтгэлийн ган мэт бах бэхэлжээ.  Амьдрал хэмээх хязгааргүй гүн далайн завины хос сэлүүр болж яваа гэр бүлийг  “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” цувралдаа урьсан юм.

Замынхаа зардлаар балетын хувцас авчээ

Б.Төгөлдөрийг өвөө эмээ нь урлагийн зам руу хөтөлж, Хөгжим бүжгийн коллежийн балетын ангид оруулжээ. Хүүхэд байсан болоод ч тэр үү эхний хагас жил юунд яваад байгаагаа төдийлөн ойлгосонгүй. Зааланд бэлтгэлийн хувцастай үргэлж дасгал сургуулилт хийнэ. Нэг өдөр тоглолтод оролцоод “Би ийм мэргэжилтэй хүн болох юм байна” гэдгээ ойлгожээ. Хөвгүүд шиг дуртай үедээ тоглох зав түүнд байсангүй. Үргэлж бэлтгэл хийнэ. ОХУ-ын Пермь хотод балетын тэмцээнд оролцохоор дээд ангийнхаа охинтой хоёулхнаа явсан байна. Тэмцээндээ амжилттай оролцож, буцах зардалтайгаа үлдэж, гаднын орны соёлтой танилцангаа хэд хэдэн дэлгүүрт ороод амжив. Балетын дэлгүүрт ороход өөрийн эрхгүй нэгэн өмсгөл дээр нүдэнд нь тусжээ. Харих зардалтайгаа үлдсэн хүүгийн сэтгэлд авах хүсэл байсан ч аргагүйн эрхэнд буудал руугаа буцлаа.

May be an image of one or more people, people standing and outdoors

Хэвтэх зуурт л балетын өмсгөл нүдэнд нь харагдаж, маргааш нь гүйж очоод зардлынхаа мөнгөний талаар худалдаад авчихаж. “Зардалгүй, яаж харина даа” гэсэн бодол толгойд эргэлдэх ч амьд хүн аргатай, аргалаад харина даа гэж өөрийгөө өмгөөлөх. “Орж байгаад билетээ бичүүлнэ гэж хэлээд воганд  гялс чемоданаа оруулаад суучихсан. Продник эгчид үнэнээ хэлсэн. “Би балетын тэмцээнд орчихоод буцах гэж байгаа юм аа. Зардлын мөнгө хүрэхгүй байна” гэлээ. Тэгээд Улаан-Үдээс суусан болж бичүүлээд балетын хувцастай ирж байсан. Тухайн үед Монголд балетын хувцасны дэлгүүр байгаагүй. Вагонд бараа зардаг хүмүүст туслахад надад вариан өгсөн. Варианаа ганзаглаад гэртээ орж байсан сайхан дурсамж санаанаас огт гардаггүй” гэв.

Амьдралынх нь хором мөч, цаг хугацаа бүхэнтэй холбогдох балет

Мина аав ээж дүүгийн хамт амьдардаг айлын том охин. Зургийн хальсанд бичиж үлдээсэн бичлэг нь түүнийг сахилгагүй сэргэлэн, бүжиглэх дуртай охин байсныг гэрчилнэ. Дөрвөн настайгаасаа балетаар хичээллэж, байнгын бэлтгэл сургуулалтад явдаг тул тоглож, наадах цаг зав хомс. Гэр бүлээрээ хөтлөлцөөд зугаалж явсан үе нь одоо ч тодхон. “Аялахаар хичээл болон балетаас хол байдаг болохоор гоё санагддаг байсан. Хичээлдээ бол идэвхтэй сайн сурдаг байсан. Тооныхоо хичээлийг сонирхдоггүй сурагч байлаа” гэлээ.

Дөрвөн настайгаа хичээллэж эхэлсэн Мина хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Францад балетын сургуулийг амжилттай төгсөв. Түүний амьдралын хором мөч, цаг хугацаа бүхэн балеттай холбогдоно. Тайзан дээр гарах торгон агшин. Уян налархай, урлагийн гайхамшгийг үзэгчдэд бүжиглэж үзүүлэхдээ тэр яг л хун шиг гоёмсог харагдана. 

May be an image of one or more people, food and indoor

Өөрийнх нь дурлаж, хайрласан зам учраас ядарч цуцахыг мэдрэхгүй 20 насны босго давлаа. Бяцхан багачуудад балет зааж, багшлах явцдаа драмын жүжиг рүү урвах гэж үзсэн ч балетаа орхиж чадсангүй. Тэр тэгтлээ эзэмшсэн мэргэжилдээ  “шунан” дурлажээ.  Өөрөө ч тухайн мөчид балетад ямар их хайртайгаа ой тойндоо ортол ойлгосон хэмээн инээмсэглэв.

 Балетын урлаг тэдний танилцах гүүр

Ажлын шугамаар Минаг Монголд ирэхэд “БУЯНТ-УХАА” олон улсын нисэх буудлаас тосож авах үүргийг Б.Төгөлдөр ажлынхаа ахын хамт хүлээжээ. Тэр үеэс ДБЭТ-ын алтан тайзнаа хамтдаа бүжиглэж, эхэлсэн байна. Бэлтгэлийн зааланд таараад “Hi” гэж хэлэхэд хажуугаар нь мэндлээд зөрнө. Мина надад дургүй, ууртай юм болов уу гэж бодно. Удалгүй монгол хэлийг сураад ярилцаж үзэхэд хөгжилтэй нэгэн санагджээ. 

Б.Төгөлдөр гэргийнхээ чин сэтгэлээсээ инээмсэглэлд  дурлажээ. Эмэгтэй хүн болсон хойно гомдож туних асуудал үе үе гардаг ч тэр бүгдийг тэд уужуу сэтгэл ухааны цараар шийдвэрлэсээр иржээ.  Гомдохоороо Мина дуугаа хураана. Хаа нэг хэдэн үг бичээд мессеж илгээдэг байв. Хань нь үүнийг хамгийн сайн мэдэрдэг тул  буулт хийж, уучлал хүсч өндрийг авхуулахгүй асуудлыг цэгцэлнэ. Одоо хосууд  хоёр биенийгээ харцаараа ойлгоно. Аливаа зүйлд хайр хүндлэлээр ханддаг болсон байна.

May be an image of one or more people and indoor

Модны мөчир дэлгэрч үр хүүхэд болдог

Хайр бол мод хэмээн хэлэх Б.Төгөлдөр “Миний төсөөллөөр дурлал үндэс. Дурлал дээшээ ургаж нахиалаад хайр болно. Модны мөчир шиг дэлгэрч үр хүүхэдтэй болдог л гэж боддог” гэсэн бол Тамура Мина хорвоогийн хамгийн их жаргал, сайхан мэдрэмжийг хэлнэ гэсэн юм.

Амьдрал бол аялал гэдэг. Анхны үрээ өлгийдөж авах мөчөө хүлээх зуур хосууд дэлхийн хэд хэдэн улсаар аялж, амьдралынхаа хуанлид өнгө нэмж, нэгэн түүх бүтээжээ. Япон улсад жирэмсэн ч таргалж болохгүй гэдэг. Тиймээс амарч хэвтэхээс илүү  үүргэвчээ үүрээд олон сарын  аялалд гарчээ.  Болгарь, Турк, Киргизстанаар аялж яваад Японд эргэн ирсэн байна. Мина хоёр хоногийн турш хүчтэй өвдсөнөөр хүсэн хүлээсэн хүүтэйгээ уулзжээ. “Хоёр өдөр нуруунд нь массаж хийж, төрөхөд нь хамт байсан. Хүүгээ анх хараад үгээр илэрхийлшгүй сайхан мэдрэмж авсан. Мээмээ идэхийг нь хараад хайр хүрсэн” гэдгийг тэрбээр онцлов. Японы соёлыг мэдэхгүй хүргэн Б.Төгөлдөрт мэдэхгүй чадахгүй зүйл олон тохиолдож байсан ч хадмуудаасаа суралцсаар өнөөдрийг хүрчээ. Хүүгээ төрөөд долоо хоногийн дараа Токио руу тоглолтоор яваад сарын дараа ирэхэд Мина уйлдаг болчихсон байжээ. “Би төрсний дараах синдром туссан. Баярласан ч уйлаад байсан. Яагаад байснаа ч мэдэхгүй. Өөрийгөө ойлгоогүй” гэсэн юм.

May be an image of one or more people and people standing

Гэртээ ирээд 10 хоноод буцаад л тоглолтоор явна. Нэг өдөр хамтдаа дайн байлдаантай кино үзээд сууж байж. “Би ингээд эх орноо хамгаалахаар дайнд явна шдээ” гэж хэлэхэд Мина “Чамайг байхгүй байхад хүү бид хоёр яах юм” гээд хоёр нүднээс нь нулимс асгарчээ. Төрсний дараа эмэгтэй хүн эмзэг, уяхан болдогийн бодит жишээ энэ.

Тэдний хувьд аав, ээж болоод амьдрал нь асар их өөрчлөгджээ. Зөвхөн өөрсдийгөө боддог үе өнгөрч үр хүүхдээ аливаа зүйлийн эхэнд тавина. Амттай юмаа өөрөөсөө харамлаж, үрсдээ л өгнө.  Хүүгийнхээ нэг насны төрсөн өдрөөр Монголд шинэ байрандаа оржээ. Тавилгагүй, хоосон байранд хайраар холбогдсон хосууд хэчнээн их аз жаргалыг мэдэрч зогссоныг таашгүй. Аавынхаасаа ширээ гуйж, амттанаар дүүргэж, ирсэн зочдодоо эгнүүлээд газар суулгасан тэр л үе тэдний амьдралын сайхан дурсамжийн нэг. Эзлэн хүү одоо дөрвөн настай. Ахын үүрэгт алба руу шилжиж, охин дүүтэй болсон. Саяхан ой хүрсэн охиныхоо төрсөн өдрөөр Японд байранд оржээ. Хүүхдүүдийнхээ төрсөн өдрөөр байранд ордог хувь зохиолтой юм шиг... 

Хүүхдүүддээ өмч хөрөнгө биш, бусдыг хайрлаж, өрөвдөх хүн чанартай хүн болгож өсгөхийг эрхэмлэдэг хэмээх эрч хүч, эерэг энерги, инээмсэглэл цацруулсан гэр бүлийн гэгээн сайхан түүхийг ийн тэрлэв. Урлагийн тайзнаа хос хун мэт дэвж, хүмүүний амьдралын хуанлид аз жаргал, дурсамж дүүрэн түүхийг “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” цувралдаа онцолж, хүргэсэн энэ.

 С.Ичинхорлоо

May be an image of indoor

May be an image of child, standing and indoor