Гавьяаныхаа амралтад гарсан ч чулуутай нөхөрлөгч

“БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа ОХУ-ын Эрхүү хотод амьдардаг Ч.Нарантуяаг эх орондоо ирсэн байхад нь урьж, уулзсан юм. Геологич мэргэжилтэй, тэрбээр сонирхлынхоо дагуу чулуун зүүлт хийдэг байна. Түүний чулуун гоёл чимэглэл хийж эхэлсэн түүх нь санаандгүй байдлаас болж хөлөө хугалсантай нь холбоотой гэнэ. Залхуурна гэдгийг мэддэггүй залуугаасаа хөвчийн ой хөдөө талд геологич хийж, эрчүүдтэй эн зэрэгцэж явсан тэрбээр зүгээр сууж чаддаггүй. Өвдсөн гээд өдрийг хий дэмий өнгөрүүлэхийг хүсээгүй учир цахим орчноос гараар бүхий л боломжийг судалж, макраме буюу уран зангилгаа урлалыг сурчээ. Лааны тостой утсаар уран зангилаа сүлжихийг тэндээс юутүбээс суралцаж, чамгүй сайн суралцсаны дараа чулууг чимэглэж эхэлсэн байна. Эзэндээ ээлтэй эерэг энерги цогцлоодог  чулууг утастай уусгасан чамин бүтээл урваад гурван жил гаруй болжээ.

Түүнтэй уулзахад нямбайлан боосон бааданг задлан, өөрийн урласан гоёхон бүтээлүүдийг нэгбүрчлэн үзүүлж, тайлбарлав. Лааны тостой утсаар уран зангилаа сүлжиж, чамин чулуутай хослуулан нь урлангийн бүтээл шиг харагдана. Чулуу амьтай, нутгийнхаа чулууг хадгалж яв гэх үг бий. Тэрбээр энэ талаар “Чулууг эдлэх тусам энерги нь идэвхжиж, эзэнтэйгээ холбогдож байдаг. Зүүн Сибирийн геологийн төв Эрхүүд төвлөрдөг. Үйлдвэрийн хажууд дэлгүүр байдаг. Тэндээс чулуугаа худалдан авч, бүтээлээ хийж байна. Манай улс манаар алдартай бол Орос чариот, номин, хашаараа алдартай. Чулууныхаа өнгө, үзэмж, хэмжээг хараад өөр өөрийн онцлог, шинжийг агуулсан зүүлт хийнэ. Утсаа нэгбүрчлэн  гараар зангиддаг. Ямар загварын зүүлт хийхээс шалтгаалж харилцан адилгүй хугацаа шаардана” гэв.

Монголчууд бидний сайн мэдэхээр гутал оёдог лааны тостой мяндсан утас. Утсаа зангиддаг болохоор нэг зүүлт хийхэд дор хаяж нэгээс долоо хоног шаардана. Тэрбээр одоогийн байдлаар дөрвөн төрлийн чулуугаар дагнаж хийж байгаагаас эх орноосоо л гэхэд манаар хүзүүний зүүлт, бугуйвч  хийдэг байна. Аливаа зүйлийг хийх тусам амтанд нь орно. Ч.Нарантуяагийн хувьд мөн адил. Хийх тусам хиймээр санагдаж, хэдэн цаг ч хамаагүй урлангийнхаа өрөөнд сууж, бүтээлээ фэйсбүүк хуудастаа байршуулснаар найз нөхөд, танилынхаа анхаарлын төвд өртөж, сонирхсон нэгэнд нь боломжийн үнээр борлуулж эхэлжээ.

Сонирхлынхоо хүрээнд хийдэг учир захиалга авдаггүй байна. “Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг дээ. Хөлөө хугалчихаад хоёр сар гэртээ байсан. Тэр үеэс хийж эхэлсэн. Анх худалдана гэсэн бодол байгаагүй. Санаандгүй фэйсбүүктээ хийсний дараа олон хүн сонирхсон. Захиалга аваад байдаггүй юм. Хүний сэтгэлд яв цав нийцсэн бүтээл хийнэ гэдэг хэцүү. Тиймээс өөрийнхөө сэтгэхүйгээр хийгээд өрөөл бусдад таалагдвал боломжийн үнээр зарна. Орлого олохын төлөө биш, хоббиндоо хөтлөгдөж хийж байгаа хэрэг” гэсэн юм.

Анх хүмүүс авъя гэхэд гайхах баярлах зэрэгцсэн гэдэг нь түүний ярианаас андашгүй. Дэлхий дахинд үнэтэй зарагддаг бүтээлээ эзэндээ ээлтэй байг гэж бодсоны үндсэнд 21-98 мянган төгрөгөөр үнэлдэг байна.

Сүүлийн жилүүдэд хүмүүс алт, мөнгө гэхээсээ чулуун зүүлт сонирхож, хэрэглэдэг болсон. Ихэвчлэн өөрийн жил, ордтой ивээл чулууг сонгож гангарах нь бий. Чулуутай үргэлж холбоотой ажиллаж амьдардаг тэрбээр амьтай учир зөв болгоомжтой харьцах ёстой гэж хэлж байв. Арга ч үгүй биз. Гуч гаруй жил Монгол Улсынхаа уул уурхайн салбарт цаг наргүй ажиллаж, байгаль дэлхийн бүтээлтэй харьцаж байсан учраас гавьяаныхаа амралтад гарсан ч чулуутайгаа ийн нөхөрлөж яваа түүний бүтээлээс чамбай чамин урладаг нь харагдана.

Ч.Нарантуяагийн бүтээл бий болох эхлэл нь чулуугаа сонгохоос эхэлнэ. Чулуундаа тохирох өнгөтэй утас сонгож, зангилаагаа гараар зангидахаас түүний ажил өрнөдөг байна. Дахин давтагдашгүй загвар гаргахыг зорьдог тэрбээр төрөл бүрийн хээ зангиддаг. “Хээг гаргахад их учир бий. Утсаа хэрхэн зангидах уу, зангилаасныхаа дээгүүр оруулах уу, эсвэл доогуур уу зэргээс шалтгаалж харилцан адилгүй хээ гарна. Заримдаа зангилаасаа задлах тохиолдол ч гарна. Долоо хоногийн турш сууж хийсэн зүүлт ч бий. Хүмүүс сүлждэг гэж ойлгоод байдаг. Тийм биш. Утсыг зангилдаг даа. Яг тэгж зангилж хийнэ” гэлээ.

Зураг зурж, хар зураг хүртэл гаргаж байгаагаас хийсэн бүтээлдээ сэтгэлээ шингээдэг нь илэрхий. Одоо хэр нь цахим орчноос санаа авч, загвараа өөрчлөн хийх тохиолдол ч байдаг гэнэ. Гурван жилийн хугацаанд 100 гаруй  бүтээл хийж, зарахаас илүүтэй бэлэглэжээ. Сэтгэлээ шингээж урласан бүтээлээ хараад үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг гэх түүний яринаас чулуу хэзээд үнэ цэнээ алдадгүй гэх үг үе үе цухалзана.

Цахим орчинг зөв ашиглаж чадвал олон зүйлийг сурж, орлого олох боломжтой гэдгийг  Ч.Нарантуяа үгээрээ, үйлдээрээ баталж баталж байгаа юм.

                                                                                          С.Ичинхорлоо