Дэлхийд данстай сийлбэрч

“Монгол брэнд” цуврал нийтлэлийн зочноор Д.Батдэмбэрэлийг урьсан юм. Дүрслэх урлагийн “Анимэ” сургуулийг уран зураач мэргэжлээр төгссөн тэрбээр 2012 онд чулууны сийлбэр рүү орсон байна. Энэ үеэс улсдаа дархлагдахуйц  уран бүтээлч болоод байгаа юм. Хөдөө нутагт малчны хотонд өсч, хонь хариулж  явахдаа чулуутай анх “танилцсан” байна. “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын уугуул. Хонины бэлчээрт явахдаа нимгэн чулууг сэтэлж, зорж тэмээ, машины хэлбэрт оруулж, өдрийг өнгөрөөнө. Зургаан настайгаасаа чулуу сонирхож эхэлсэн. Номын зураг үзнэ. Үсэг мэдэхгүй учраас хуудсыг нь эргүүлж, зураг хараад суудаг хүү байлаа” хэмээв.

Д.Батдэмбэрэл сургуульд орсон цагаасаа зургийн дэвтэр, харандаа, усан будаг, бийр, зотонтой “нөхөрлөж”-ээ. Долдугаар ангидаа хөдөлмөрийн кабинетад байх үхрийн сийлбэрийг дуурайж, модоор үхэр хийсэн нь түүний анхны бүтээл. Сургуулиас зохион байгуулсан үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож, түрүүлсэн нь ташуур болж, урамшиж урлал хийх зам руу хөтөлжээ.

No description available.Ангид аялдаг дурсгалын дэвтэрийн зургийг хариуцаж зурна. Сургуулийн ханын самбарт байрших зургийг зурах хүндтэй үүргийг Д.Батдэмбэрэл хүлээнэ. Арван жилээ төгсөөд аав, ээждээ тусалж, малчин болно гэж боддог байсан ч нэг л өдөр зураач болно хэмээн эрс шийдэмгий шийдвэр гаргав. “Сургуулийн захирал болон хамаатнууд маань “Чи зураач болно биз дээ”  гэж асуудаг байсан. Нэг орой  гэнэт шийдээд аав, ээждээ зураач болно, сургуульд явна гэдгээ хэлэхэд гайхаж хүлээж авсан. ”Чи аав, ээждээ туслаад малчин болно гэсэн биз дээ” гээд л. Гэхлээ оюутан болсон” гэв.

Тэрбээр зураач мэргэжлээр төгсөөд чөлөөт уран бүтээлчээр хэдэн жил ажиллажээ. Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор мөнгөн аяга хийхийг сурсан байна. 2012 онд чулууны сийлбэр рүү орсон нь сонин агаад сонирхолтой түүхтэй. Хөдөөнөөс авга ах нь хөөргөө явуулж, нимгэлүүлж засуулаад явуулаарай гэсэн даалгавар өгчээ. Хайж явсны эцэст хөөрөг хийдэг хүн дээр ирж, дотор талыг нь засуулав. Засварын ажлыг хийх явцад хэсэг хөөрөлдсөн байна. Д.Батдэмбэрэлээс “Чи юу хийдэг вэ” хэмээн асуухад “Би зураач мэргэжилтэй” гэж хариулав.  Чи зурдаг юм бол чулуугаар сийлбэр хийх юм байна гэжээ. Тэр үед чулуугаар бүтээл хийх сэдэл төрж, энэ урлал руу эргэлт буцалтгүй орох суурийг тавьсан байна. Цагаан шүрээр луун сийлбэртэй хөөрөг хийв. Чулуун дээр сийлбэр хийхэд ажиллагаа ихтэйгээс гадна авхаалж самбаа шаардана. Үзэг шиг хэмжээтэй эргэдэг цахилгаан боорын багажаар сийлдэг учраас эр нь тал тал тийшээ үсчихээс эхлээд асуудал гарна.  Ажлыг олон дахин хийх тусам арга эвийн олно. Жижиг талбай дээр сийлбэр хийдэг учраас зургаа маш сайн гаргаж, нарийн сийлэх ёстой байдаг. Чулууныхаа өнгө, дүрсийг хүртэл сайтар ажигладаг аж.

No description available.Нэг хөөрөг хийхэд хугацаа орохоос гадна уран бүтээлчээс ур дүй, урлах авьяас шаардана. Чулуу байгалийн бүтээл. Тиймээс цавтай, бас хальстай байна. Хальс цэвэрлэхээс ажил эхэлж, зөв зүсэлт хийнэ. Чулуугаа зөв дөрвөлжилж зүсэх нь Д.Батдэмбэрэлийн ажлын эхний хэсэг. Үүний дараа хэлбэрт оруулж, ухаж дотрын өнгөлнө. Зургаа гаргаж, нэгбүрчлэн сийлнэ. Сийлсний дараа цэвэрлэж, өнгөлгөө хийдэг байна. Өнгөлгөө хийхэд хугацаа орно. Хэлбэр, хэмжээ, хийц дүрсээсээ хамаарч хөөрөг бүтэх хугацаа харилцан адилгүй. Сийлбэргүй хөөргийг долоо хоногт багтаан хийдэг бол сийлбэртэйг сараас дээш хугацаа зарцуулна.

Монголын газрын зурагтай улаан шүрэн гурван толгойтой хөөргийг хагас жил хийжээ. Дахин давтагдашгүй цор ганц бүтээл урладаг Д.Батдэмбэрэл хөөрөг хийхийн хажуугаар эмээл, аяга, бүс  зэргийг хоршуулж, дарханыхаа ажлыг давхар хийдэг. Дэлхийн хэмжээнд танигдсан “THE HU” хамтлагийн агсарган бүс, ташуурыг урласан уран чадвартай урлаач юм.

No description available.

Жилдээ 100 орчим хөөргөөр урын сангаа нэмдэг тэрбээр үе дамжин хэрэглэгдэх үнэ цэнэтэй бүтээл урлахыг зорьдог гэнэ. Хийсэн хөөргөө эзэнд нь хүлээлгэж өгөх агшин хамгийн сайхан мэдрэмжийг түрүүлдэг хэмээн инээмсэглэх Д.Батдэмбэрэл “Монголчууд хөөргийг их бэлгэшээдэг. Миний хийсэн эдлэлийг хүмүүс үр удмаараа дамжуулж, хэрэглэнэ гэдэг үнэхээр сайхан санагддаг. Иж бүрэн сийлбэрээр бүтээсэн ордон эсвэл музей байгуулахыг хэтийн  зорилго байна. Үүдний гишгүүрээс эхлээд  жижиг дитальд хүртэл ур орсон байдлаар хийнэ. Чулуу, металь хослуулан цогц бүтээл хийхийг хүсч байна даа” гэв.

Урлах ухаан, уран чадвар, авьяасын билгийн ундарга болсон уртай залуу улсын цолтой олон бөхчүүд, тив дэлхийд Монголынхоо нэрийг дансалсан тамирчдын хөөргийг урласан Д.Батдэмбэрэлийн урланд ийн зочиллоо.

Түүнтэй холбогдохыг хүсвэл хаягаар дарж орно уу!

С.Ичинхорлоо

 

No description available.

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.