Д.Амарбаясгалангийн АН-д барих ГЭНЭТИЙН БЭЛЭГ

Арванхоёрдугаар сарын 6. Эрүүл мэндийн яам тэргүүтэй Эрдэмтдийн зөвлөлийн тооцооллоор "Ковид-19"-ийн давлагааг намжаах, магадгүй бүр халж, маскаа тайлж, хэвийн амьдралдаа шилжих өөдрөг зорилттой энэ оны сүүлчийн сарын хамгийн эхний даваа гараг. Мэдээж ингэхийн тулд сэргээх буюу III тунгийн хамрагдалтыг 50 хувьд хүргэх шаардлагатай. Хүн болгон бүр нийгмээрээ хэвийн амьдралдаа орох шаардлагатай гэж үзвэл энэ нь бодитой дүгнэлт, бас зорилт. Бүх цаг үед шинжлэх ухаан давамгайлж ирсэн нь, судалгаа бүхэн нь өөрөө үнэнд ойр байдаг учраас.

Гэхдээ ирэх сарын 6-ныг зөвхөн шинэ сарын даваа гарагаар, "Ковид"-ыг дарах Төрийн зорилтын хувь хэмжээнд дүгнэх нь өрөөсгөл. Учир нь, эл өдөр эрх баригч, сөрөг хүчин тэргүүтэй улс төрийн ууган, удаахь хүчин МАН, АН-ынхан Их хурал, чуулганаа товлосон нь ирэх жилийн уур амьсгалыг бүрэн зураглаж мэдэх нь.

Уг нь жил бүрийн арванхоёрдугаар сарын 6-нд Монголын улс төрд нэгэн шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдлыг сануулж, АН-ынхан баярын хурлаа хийдэг уламжлалтай. МоАН-аас С.Эрдэнэ, СМН /Сэргэн Мандлын Нам/-аас Д.Бямбасүрэн, МШАН-аас Ц.Баярсүрэн, МҮАН-аас Р.Амаржаргал, МСДН-аас Р.Гончигдорж нарын таван дарга үзэл баримтлал, үнэт зарчмаараа нэгдсэнээр өнөөгийн Ардчилсан Намыг "эх барьж" байсан юм. 1996 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж асан Ардчилсан хүчин бүхэлдээ цагаан тугаа өргөж, Дундговиос ганцхан Ж.Наранцацралт агсан сонгогдсон хүнд нөхцөлд ардчиллын бүх зүйл байхгүй болох, арчигдах аюул бий болсон ч нэгдэж, нягтарсан нь тэднийг 2004 оны сонгуульд 35 суудлыг авахад нөлөөлсөн юм. Удаахь буюу 2008 оны сонгуулиар хүчтэй сөрөг хүчний эгнээд шилжиж, 2012 онд хоёр дахь ялалтаа авч Засгийн газраа эмхэлж байлаа.

Гэвч 2016 оны үнэмлэхүй ялагдал нь 2020 оноор үргэлжилснээр өнөөг хүртэл Монголын улс төрд МАН-тай еэвэнгийн хоёр тал болтлоо ээнэгшин дассан АН-д хүнд цохилт болов. 2020 оны сонгуулиас хойш хоёр даргатай, хоёр тамгатай болсон тэд одоо ч эвлэн нэгдэж, тусыг олоогүй л явна. Хагарсан шаазан хэзээ эвлэдэггүй гэдэг шиг хоёр бутарсан АН-аас хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл талаас Онц Их хурлаа зарлаж, Намын даргаа батламжилж орхилоо. Мэдээж О.Цогтгэрэлийг. Үүндээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, хотын дарга Э.Бат-Үүлээр хүч хавсаргаж, өөрсдийн байр суурийг ахиулав. Хариуд нь С.Эрдэнээс АН-ын даргын тамга атгасан М.Тулгат намынхаа анхдугаар чуулганыг арванхоёрдугаар сарын 6-нд хийхээр товлосноо зарлаж, нийгэмд хамгийн их тулгамдаад буй хүний эрхийн асуудлыг хөндөхөө зарлалаа.

Үүндээ УИХ дахь АН-ын бүлгээс нийтийн сонсгол хийх ажлыг зохион байгуулж, УИХ-ын 36 гишүүний дэмжлэгийг цуглуулснаа илэрхийлж, парламентын дэмжлэг хүлээснээ гэрэл цохиулав. Ийнхүү голын хоёр эрэг дээр суусан АН-ын залуучууд өөр хоорондоо хэмлэлдэх зуур эрх баригч Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын XXX Их хурлыг ирэх сарын 6-нд товлон хуралдуулахаа мэдэгдсэн нь анхаарал татах гол сэдэв байв. МАН-ын даргын албыг түр орлож буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг батламжлах нь Их хурлыг гол мессеж байх ч генсек Д.Амарбаясгалан хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхээ илэрхийллээ.

Тэрбээр "Нийгмийн олонх чинээлэг дундаж давхаргыг бий болгох хүсэл, зорилготой байна. Ийм нийгмийг бүтээн цогцлооход учирч буй саад бэрхшээл нь юу юм гэдгийг судалгааны дүнгээс харахад ерөөсөө ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд  учирч буй бэрхшээл, үндсэн дайсан нь авилга, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал юм байна гэдэг нь маш тодорхой харагдсан. Аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамаараад өнөөдөр Монголын нийгмийн  хүндрэл болсон эдгээр асуудалтай эрх баригч нам тууштай тэмцэнэ. Манай намыг  засгийн эрх барьж буй цаг хугацаандаа төрд сонгогдож, томилогдож  ажиллаж байгаа төрийн албан тушаалтнуудаар дамжуулан  эдгээр асуудалтай тууштай тэмцэх бодлого, хөтөлбөрийг гаргахыг зорин ажиллаж байна. Тийм учраас намын XXX Их хурлаар хэлэлцэх асуудлын цөм нь хүний эрхтэй холбоотой байх болно. Их хурлын төлөөлөгчдийн дунд энэ төрлийн бодлого, хөтөлбөрөө танилцуулан хэлэлцүүлсний үндсэн дээр олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна” гэжээ.

Генсек Д.Амарбаясгалангийн хэлснээр МАН-ын Их хурал зөвхөн намын даргаа батламжлах бус авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хамгийн гол хүний эрхтэй холбоотой асуудлыг хөндөх нь. Тэгэхдээ М.Тулгат даргын хэлсэнчлэн "АН-ын анхдугаар үндэсний чуулган"-ыг зохион байгуулах өдрүүдэд. Агуулга нь адилхан хүний эрхийн асуудалд төвлөрөх ч эрх баригч, сөрөг хүчин гэсэн хоёр өөр өнцгөөс хандаж, мөн дүгнэх хэрэг. Гагцхүү өнөөдөр хэн төр барьж байна, түүнд хууль үйлчилнэ. Нэмж тодотгоход, Д.Амарбаясгалан дарга МАН-ын Хяналтын ерөнхий хороог шинэчлэн байгуулахаа хэлсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигын эсрэг байгуулсан Үндэсний хорооны ажлыг намын түвшинд нэгмөр дэмжин ажиллах суурийг тавихаа зарласантай агаар нэг юм. Эндээс авлигын болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон МАН-ын, намын шошго зүүсэн хүн бүрийн данс, тамга дарсан бичиг цаас бүрд "хөдөлгөөн" орох бололтой. 

Хамгийн гол нь, Д.Амарбаясгалан Ардчилсан Намынхантай адилхан өдөр хурал зарласнаараа ГЭНЭТИЙН БЭЛЭГ барихаар ийн төлөвлөжээ. Улс төр гэдэг угаасаа ийм түвшинд, хоёр нүүдлийн цаадахыг л харах учиртай. Гэхдээ энэ нь зөвхөн оноо авах хэрэглүүр үү, эсвэл тэр...?!

С.Гандөл