С.Амарсайхан: Асуудалд тайван хандаж, сандрахгүй байхыг хүсье

Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан танилцуулж байна. Энэ үеэр УОК-ын дарга С.Амарсайхан "Эрдэмтэд шинэ хувилбар омикроныг судалж эхэлсэн ба эцсийн байдлаар судалгааны дүгнэлт албан ёсоор гараагүй. Асуудалд тайван хандаж, сандрахгүй байхыг хүсье. Өнөөдрийн хуралдаанаар дараах арга хэмжээг авахаар боллоо. Үүнд халдвар тархсан улсаас ирж байгаа болон тухайн улсаар дайран ирж байгаа гадаадын иргэдийг хүлээн авахгүй. Өөрийн улсын иргэдээ /өөрийнх нь зардлаар/ тусгаарлалтад 10 хоног байлгана.

Өнөөдөр ирэх 200 гаруй энхийг сахиулагчдыг 14 хоног тусгаарлана. Нисэх онгоц, авто замын боомт орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авна. Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, аялсан бол иргэн ирээд 10 хоног тусгаарлана" гэлээ.