Хоршиж, хамтарсан 44 жил

Хорь ч хүрээгүй хонгор зүстэй явахдаа Дүрслэх урлагийн сургуулийн оюутны ширээнд танилцаж, тэр үеэс ижилдэн дасч 44 жилийн турш хамтдаа уран бүтээл туурвиж буй хоёр найзын урлангаар зочиллоо. Уулзахаар товлосон цагтаа очиход Д.Батболд ах хаалга онгойлгон уриалгахан хүлээн авч, мэндэлснээр бүтээл төрдөг тэрхүү ертөнцөд хэсэг саатав. Авьяасын ундарга болсон уран бүтээлчдийн өрөөний ханаар өлгөсөн цамын багийг хараад сүрдэх мэдрэмж төрсөн ч тийм бүтээл төрүүлж, түмний нүдийг баясгаж байгаа ахаар бахархав. Ширээн дээр байрлах морьд яг л "амьд" мэт. Чих, нүд, ам, хамар, дэл, сүүл тэр ч бүү хэл эмээл, хазаар нь. Д.Батболд мориныхоо ногтийг зангидаж, "За ах нь ярихдаа муу хүн " хэмээн инээмсэглэж, тамхи асааж, сорох нь ширвээ сахалтай ахын дүр төрхийг улам бүр тодруулна.

Биднийг ийн хөөрөлдөх зуур Д.Доржхорол эгч гаднаас мэнд мэдсээр орж ирлээ. Тэрбээр үндэстэн бүрийн үүх түүх, хувцаслах соёлыг илтгэсэн хүүхэлдэйн бүтээлийн анхдагч их багш. "Монгол Хүүхэлдэй" Монголын Хүүхэлдэйн Зураачдын холбооны тэргүүн. Модон болон шуумлын аргаар улс үндэстний хүүхэлдэйг 1980 оноос өнөөг хүртэл хийжээ.

No description available.Улаанбаатар хотын унаган хүү Д.Батболд багын зураг зурж, сийлбэр хийнэ. Наймдугаар анги төгсөөд өөрийн сонирхлыг хөгжүүлэхээр шалгалт өгснөөр Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн оржээ. 1976 оноос хойш тасралтгүй бүтээл туурвиж, түүндээ хөглөгдөж, хөтлөгдөж явсаар 60 насны босгыг давсан ч завгүй ажилласаар. Авьяас хэзээ ч "тэтгэвэрт" гардаггүй гэдэг үгийг гэрчлэх мэт түүний урласан урлагийн бүтээл цамын баг нь эл чадварыг илэрхийлнэ. 

Оюутан ахуйдаа цаасан шуумлын аргаар хийдэг цамын багтай танилцжээ. "Анхны цамын багаа 1978 онд хийсэн. Улаан Жамсран. Ардын зураач Ү.Ядамсүрэн багшийнхаа зааврын дагуу хийсэн. Алдаа, оноотой л бүтсэн. Дүгнэхэд хэцүү. Гэхдээ багш маань магтаалын үг хэлж, урам хайрласан нь одоо ч тодхон санагддаг. Тэр үеэс цамаар дагнасан. Түмэн эх чуулгаас эхлээд олон газрын цамын багийг хийсэн" гэв.

No description available.Цамын баг нь догшин бурхад болон уул усны лус савдаг зэргийн төрх байдлыг дүрслэн харуулдаг хамгийн гол хэрэгсэл. Урлагийн мэдрэмж, урлах ухаан, ур дүй, уран сэтгэмж шаардсан уг бүтээлийг хийхэд ажиллагаа ихтэй. Зургаан сараас жилийн хугацаанд бүтнэ. Д.Батболд 44 жилийн хугацаанд 1000 гаруйг хийжээ. 

120 гаруй төрлийн цамын баг байдгаас манайд голчлон Цагаан-Өвгөн, Дамдин-Чойжоо, Улаан Жамсран, Баян Намсрай, Лхам, Гомбо, Хангарьд зэрэг 7-8 бурхдын дүрийг голчлон урлана. Тэдгээрийг цам харайхад ашиглана. Түмэн эх чуулгаас эхлээд Дашчойлин хийд тэргүүтэй олон газар захиалгаар хийж өгчээ. Буриадын дацангуудад ч түүний бүтээлүүд бий.

No description available.

Д.Батболдын үндсэн бүтээлийн нэг нь морь. Модоор биш цаасан шуумлын аргаар хийнэ. Бат бөх болохоос гадна эдэлгээ сайн даана. Хэлбэр хэмжээ, хийцээсээ шалтгаалж харилцан адилгүй 150-500 мянган төгрөгийн үнэлгээтэй. Олон жилийн хөдөлмөр, туршлага, судалгаа, хичээл зүтгэл шингээсэн бүтээл хийц болон чанараараа онцгойрохоос гадна олон ч шавь нар төрүүлж, тэдэндээ өөрийн сурсан мэдлэгийг харамгүй зааж өгчээ.

Цэдэнбал Филатовагийн захиалга 

Зах зээлийн ороо бусгай үед ангийнхан нь амьдралын замналаа өөрчилж, өөр салбар руу орсон ч насан туршийн найзаа оюутны ширээнээс олж, одоо ч хамтдаа бүтээл туурвиж, он цагийг туулсаар байгаа Д.Доржрхоролыг хүүхэлдэй урлаачдын анхдагч "их багш" гэж хэлж болно.

"Манай анги 11-үүлээ төгссөн. Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байсны хүчинд бид хоёр үндэсний шилдэг брэндийн эзэн болтлоо өргөжин тэлж, хөдөлмөрлөлөө. Багшийнхаа зааснаар баяжуулж хөгжүүлсээр ирсэн. Дэлхий дахинд хийж байгаа бүтээлтэй эн зэрэгцэх хэмжээнд хийхийг зорьж ажилладаг. "Мondoll" нэрээрээ монголд төдийгүй дэлхийд танигдсан" гэв. 

No description available.Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Элчин сайдуудад зориулсан гарын бэлгийг захиалгын дагуу хийж, гүйцэтгэнэ.  56 орны Элчин сайдын яаманд "Мondoll" урлангийн хүүхэлдэй байдаг нь монгол хүний оюуны цараар бүтээсэн бүтээл дэлхийд танигдаж, хүндэтгэлийн индэрт тавигдаж байгаа нь сайшаалтай. БНСУ-аас Монголд суугаа Элчин сайд өөрийн биеэр зорьж ирж, захиалгаа авдаг нь харилцагчдын итгэлийг олсны илрэл юм.  2013-2014 онд төрийн ордонд  "Мondoll" нэрийн дэлгүүр байрлаж байжээ. 

Үндэстэн бүрийн өв уламжлал, ёс заншлыг илтгэсэн хүүхэлдэйг цаасан шуумлын аргаар болон модоор хийнэ. Харахад жижигхэн ч хийхэд ажиллагаа ихтэйг Д.Доржхорол онцлов. Хүүхэлдэйний үнэ 25 мянгаас 2.5 сая төгрөгийн үнэлгээтэй. Хэлбэр, дүрс хийц, хувцас, чимэглэлийн загвараасаа шалтгаална. Иж бүрэн мөнгөн чимэглэлтэй хүүхэлдэйг захиалгаар хийнэ.

1980 онд 5000 мянгаар зарагдаж байсан хүүхэлдэй 42 жилийн хугацаанд дөрөв дахин өсч өнөөдөр 25 мянган төгрөгийн ханштай борлуулж байна. 

No description available.Бүтээл төрөх агшин түүнийг хүлээлгэж өгөх мөч хамгийн сайхан.  Олон жилийн туршлага, сэтгэл зүтгэл шингээж хийсэн болохоор захиалагчид таалагдана. Сэтгэл ханамжийн баталгааг 100 хувь өгнө. "Чанартай, чансаатай, үнэхээр сайхан болжээ. Урамшуулал өгнө" гэх үг тэднийг ямаршуу хэмжээний уран бүтээлч вэ гэдгийг нотлон харуулах мэт. 

Олны танил олон ч хүнд бүтээл урлаж өгч, тэдэнтэй уулзаж учирч урмын үг сонсоно гэдэг ховор тохиол. Цэдэнбал Филатова 25 төгрөгийн орос хүүхэлдэй барьчихсан  "Монгол хувцас урлаад өгөөч. Гаднын төлөөлөгчид бэлэглэх гэсэн юм" хэмээн ирж байсан түүхэн үйл явдлын эзэн болж байсан нь түүний амьдралд өдгөө өнгө нэмж, дурсамж болон үлджээ.   

No description available.

Ээлжлэн эргэлддэг хүмүүний амьдралын 44 хавар, намар, зун, өвлийг хамтдаа ажиллажээ. Урт удаан он цагийг хамтдаа элээсэн тэд биенийхээ залуу нас, жаргал, баяр хөөр тэр ч бүү хэл гуниг зовлонг хамтдаа туулж, хоёр биенээ хурцалж, бүтээлээ хараад огшиж өнгөрөөсөн нь мэдээж. Дурсамж, дурьдатгал дүүрэн амьдралынхаа хуанлид ажлынхаа зураглалыг бич гэвэл хэн хэнийхээ нэрийг хамгийн тодоор бичнэ. 

Нэг ангиас насан туршийн ажлын хамтрагчаа олсон ч хааяа муудаж, тунирхах, ам зөрөх, үзэл бодол таарахгүй үе бишгүй. Одоо тэд харцаараа ойлголцож, хамтдаа бүтээлээ туурвисаар байгаа нь хамгийн сайхан. Бүтээл нь тэдний өмнөөс "ярих" хэмжээний тийм л уран бүтээлчдийн урланд саатахдаа өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн үндэсний ёс заншил, үүх түүхийг илтгэсэн бүтээл хийхийг залуучууд заалгаж, сураасай хэмээх бодол тээсээр урлангаас гарлаа.

  С.Ичинхорлоо 

Захиалга өгөхийг хүсвэл Д.Батболд 99248675 болон Д.Доржхоролын 99191991 утсаар холбогдоорой.

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.