"Шинэ Сэргэлт"-ийн тоолуур гүйж эхэллээ

Л.Оюун-Эрдэнэ 32 дахь Ерөнхий сайдын тамга атгаснаас яг нэг жилийн дараах циклд Монголын эдийн засаг, гуравдагч орны хөрөнгө оруулалтад "гэрэл асав". Гэдэг нь тэртээх 2009 онд гэрээ үзэглэсэн өдрөөс гадаад гэхээсээ дотоодын уур амьсгал, нэр бүхий улстөрчдийн танигдах индэр болсон Оюу Толгой төсөл 13 жилийнхээ босгон дээр гүний уурхайн бүтээн байгуулалтаа эхлүүллээ. Цар тахлаас үүдсэн урд хөршийн хилийн хязгаарлалт, дотоод дахь бодит хямралын цаг үед сайн мэдээ. Анхлан тохирсон Монголын тал 53 хувь, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн эдийн засгийн тооцоолол цаг хугацааны хэмжүүрт алдагдаж, үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрт 2.3 тэрбум, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэх, ногдол ашиг хэзээ ч авахааргүй нөхцөл байдал бий болсноор Оюу Толгой төсөл зогсох хэмжээний улс төрийн эрсдэлд орсон нь бодит үнэн.

Үүнээс гарахын тулд 2019 онд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг баталж, УИХ-ын Түр хороо, Засгийн газрын ажлын хэсгийг байгуулж, хөрөнгө оруулагч талтай хоёр жилийн хугацаанд амаргүй нөхцөлд хийсэн хэлэлцээрийн үр нөлөө нааштай гарч эхэлсэн нь гүний уурхайн бүтээн байгуулалт. Эхний шатны үр дүн. Ингэснээр Оюу Толгойд  Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал буюу ТЭГ гараан дээрээ дахин ирсэнтэй агаар нэг юм.

Өөрөөр хэлбэл, эл бүтээн байгуулалтыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр төлөвлөж тооцоолсон ТЭЗҮ-нийнхээ хүрээнд, товлосон цаг хугацаандаа оруулах үүргийг "Рио Тинто" хүлээж байна. 2023 оны эхний улиралд багтааж гүний уурхайг бүрэн ашиглалтад оруулах УИХ-аас баталсан 103 дугаар тогтоол ч ийнхүү хэрэгжиж эхэллээ. Ерөнхий сайдын зүгээс "Хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж буй Монголын ард түмний чин эрмэлзэл, магадгүй сүүлчийн найдлага" хэмээн зүгээр ч нэг хэлээгүй. Тохиролцоо л бол тохиролцоо.

Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа нь Монгол төдийгүй дэлхийн уул уурхайн салбар, түүнээс улбаалсан хөрөнгөө оруулагчдад Засгийн газраас өгч буй эерэг мессеж мөн үү гэвэл мөн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ ""Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай түншлэн ажиллахад монголчууд бид бэлэн байгаагаа илэрхийлье" хэмээн онцолж, тэмдэглэсэн нь учиртай. Өөрөөр хэлбэл, Гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өгөхтэй зэрэгцэн "Шинэ Сэргэлт"-ийн тоолуур гүйж эхэллээ.

Гэхдээ энд нэг зүйлийг зориуд тодотгох нь зүйн хэрэг. Том зургаараа Гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлснээр хөрөнгө оруулагч талтай хийж буй Монголын Засгийн газар хэлэлцээрт цэг тавьж байгаа юм биш. Хэлэлцээр үргэлжилнэ. Томоохон өөрчлөлт гэвэл Дубайн гэрээг цуцлах хэлэлцээр явж байна. Ерөнхийдөө цуцлах ажил эхэлснийг салбарын сайд Г.Ёндон мэдэгдсэн. Цаашлаад 34 хувийг эзэмшдэгийн хувьд уурхайн бүх шатны удирдлага, менежментийн үйл ажиллагаанд ижил тэгш эрхтэй оролцох нь Засгийн газраас барьж буй бодлогын нэг. Мэдээллийн нээлттэй, ил тод, тэгш байдлыг хангах нь засаглалын чиглэлээр хийх ёстой хамгийн чухал ажил гээд зөвхөн Гүний уурхайн бүтээн байгуулалтаар хэмжигдэхээргүй асуудал олон. 

Гол нь, төсөл бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдоно. Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж нь хамгийн багадаа гурав дахин нэмэгдэнэ. Жилдээ тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюу Толгой компани дангаар үйлдвэрлэх боломжтой. Энэ хэмжээгээр татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол зэрэг эерэг, эдийн засагт жин дарахуйц үзүүлэлт нь олон.

Адаглаад Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгой Дулааны цахилгаан станцыг барих боломж бүрдэж, жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар дотоодод үлдэх юм. Ийнхүү шинэ оны өмнөхөн УИХ-аас баталсан "Шинэ Сэргэлтийн бодлого"-ын Аж үйлдвэрийн салбар Оюу Толгой төслөөр дамжин сэргэлт авах нь. Төслийн бүтээн байгуулалтаар дамжуулж гадаад тавцанд, тэр дундаа уул уурхайд гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах нь бидний хувьд бодит боломж юм. 

Г.Эрхэс