Гал түймрийн аюулаас хоёр тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням “Гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 3-н хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах аврах ангиуд гал түймрийн 89, аврах ажиллагааны дөрвөн дуудлагад үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 177 иргэнийг гаргаж, хоёр тэрбум төгрөгийн өмч хөрөнгийн авран хамгааллаа. Он гарснаас хойш объектын гал түймрийн 632, ой, хээрийн түймрийн нэг, аврах ажиллагааны 35, нийт 668 удаагийн дуудлагын дагуу ажилласан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн холбогдох зургаан байгууллагын албан хаагч нар 365 чиглэлд хяналт, шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулсан. Өнгөрсөн 14 хоногт 15 удаагийн өнжмөл шар өвсний түймрийн улмаас 26.3 га талбай шатаж байсныг хөдөлгөөнт эргүүл газар дээр нь унтрааж ажилласан” гэлээ.

Харин өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зам, тээврийн 3364 осол, хүн гэмтсэн 60 осол бүртгэгдсэний 48 нь явган зорчигч байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.7 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн дээрх хугацаанд ослын улмаас дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Хотын дарга ой, хээрийн түймэр болон зам тээврийн ослоос  урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэйг санууллаа. Осол аваартай холбоотойгоор нэгдүгээр эгнээг, тэр тусмаа гол уулзваруудыг камержуулах хэрэгтэйг онцлов.