Хамарын хийд орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах уу?

Дорноговь аймгийн ИТХ-ын 2020 оны 13/09 дүгээр тогтоолоор “Аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”-г баталжээ. Уг төлөвлөгөөнд шашин, соёл, хил орчмын, эдийн засгийн тэнхлэгт суурилсан, говийн бүсийн нэн ховор, ховордсон биологийн төрөл зүйлийг ажиглах, авто кросс болон адал явдалт авто аялал, Боржигин ахуй соёл, нүүдлийн уламжлал, түүх, археологи, палеонтологийн нөөц газруудад түшиглэсэн эрдэм шинжилгээ судалгаа гэсэн долоон чиглэлийг тусгасан байна.

Дээрх чиглэлийн дагуу аймгийн ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/12 тогтоолоор нийт 100671.37 га талбайг “байгалийн дурсгалт газар”-ын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг БОАЖЯ-д хүргүүлжээ. Ингэхдээ Хамарын хийд орчмын газар нутгийг А, Б гэсэн хоёр хэсэгт хуваахаар тооцсон. А хэсэгт Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах сумдын 64413.59 га газар, Б хэсэгт Сайншанд, Сайхандулаан сумдын 36257.78 га газрыг тус тус багтаахаар саналдаа тусгажээ.

Хамарын хийдийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хамгаалалтын менежментийг хэрхэн төлөвлөн хэрэгжүүлэх, тус бүс нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах, аялах, дамжин өнгөрөхөд нийтээр дагаж мөрдөх журмын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, журмыг 2 дугаар улиралд багтаан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байгааг аймгийн Засаг даргын орлогч Г.Март дурдлаа. Мөн улсын тусгай хамгаалалтад авах холбогдох шийдвэр гарвал хэрэгжүүлэх ажлын урьдчилсан төлөвлөгөөг гаргасан гэв.

Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаар тушаалаар “Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа” ОНӨААТҮГ байгуулагдаж, аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/41 дүгээр захирамжаар 17 хүний бүтэц орон тоотойгоор батлагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Орон нутгийн удирдлагаас Хамарын хийд орчмыг байгалийн дурсгалт газрын ангилалд оруулах санал гаргасан бол Д.Данзанравжаагийн музейн захирал, Хамарын хийдийн 8 дахь үеийн тахилч А.Алтан-Очир байгалийн цогцолборт газрын ангилалд оруулах саналтай байгаагаа УИХ-ын ажлын хэсэгт илэрхийллээ.

Тэрбээр, “Хамарын хийдийн бүс нутагт анх 2017 онд ашигт малтмал ашиглалтын лиценз БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид олгогдсон байдаг. Хамарын хийдийн газрыг 2014 онд орон нутгийн тусгай хамгаалалтын газарт авсан байдаг. Тухайн үед бусад төрийн бус байгууллагуудтай хамтран зогсоож, явуулсан ч нөгөө компани эргээд Хамарын хийдээс нөхөн төлбөр авна гэдэг асуудал гарсан. Энэ асуудалд орон нутаг хайхрамжгүй хандсан. 

Хамарын хийдээс давхар хамгаалалтын захиргаа гаргаад хийд орчмын газар нутгаа хариуцаж ажиллах хүсэлтийг орон нутгийн удирдлагуудад гаргадаг ч дорвитой хариу өгдөггүй. 1990 оноос хойш 32 жилийн турш өнөөдрийн хийдийг цогцлоон босгосон. Гэтэл аймаг, сумаас хийд рүү орох чиглэлд нэвтрэх цэг гаргаад аялагч бүрд 2000 төгрөгийн тасалбар өгдөг. Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал нэмэгдэж, 100-150 мянган хүн ирэх болсон. Энэ орлогоос хийдийн засвар, тохижилтод төсөв өгдөггүй. Бид нэг жилд зөвхөн Шамбалын орны урсгал засварт 20-30 сая төгрөг зарцуулдаг. Хуулиараа бол дээрх орлогын 30 хүртэл хувийг хийдийн үйл ажиллагаанд зарцуулах ёстой байдаг. Эдгээр асуудлаас үүдээд Хамарын хийд орчмын газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангилалд оруулж, бид өөрсдөө хамгаалалтын захиргаагаа байгуулж ажиллах хүсэлтэй байна” гэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэхээр төсөл боловсруулж эхэлжээ. Уг төсөлд тусгай хамгаалалтын газар нутгийн тав дахь ангиллын нэмж, байгалийн нөөц ашиглалтын газар эсхүл орон нутгийн тусгай хамгаалалттай газар гэсэн менежментийн сонголтыг гаргахаар тусгах юм байна.

Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын үйл ажиллагаа оновчтой болох, эдийн засгийн хувь бие даах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг олон давуу тал үүснэ гэдгийг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх хэллээ.