Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Нийслэлчүүд сайжруулсан зуухтай болохгүй бол утаа арилахгүй
НМХГ-аас “2021-2022 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалт”-ын дүнг танилцууллаа.
"Түүхий нүүрс түлсэн, хадгалсан зэрэг зөрчлүүд өмнөх онтой харьцуулахад 88 хувиар буурсан байна. Мөн түүхий нүүрс Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил 2019 болон 2020 онтой харьцуулахад 90 гаруй хувиар буурсан байна. Мөн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөгдөх журам зөрчин Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргах зөрчил нэлээдгүй байдаг. Тиймээс авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны орох, гарах хоёр чиглэлд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилладаг. Энэ хугацаанд 1899 шуудай сайжруулсан шахмал түлш Улаанбаатар хотоос орон нутаг руу зөөвөрлөх зөрчлийг илрүүлсэн. Нийслэлээс шахмал түлш авч, орон нутаг руу авч гарах зөрчил гарсаар байна. Орон нутагт 90 мянган сайжруулсан зуух байна. Ийм зуухтай иргэд шахмал түлш түлэх хүсэлтэй байгаа учраас нийслэлээс авч байна. Шадар сайдын 2020 оны тушаалаар эрчим хүчний дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгж бий. Эдгээр аж ахуй нэгж байгууллагыг 2022 оны таван сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. 68 аж ахуй нэгж угаасан нүүрс түлж байгаа. Тус байгууллагууд дээрх хугацаанд угаасан нүүрс түлэхийг хориглосон. Шийдвэрийн хэрэгжилтийг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэн ажиллана. Гадаад болон дотоод орчны температурын зөрүү багассан энэ үед угаарийн хийн эрсдэл нэмэгддэг. Энэ үед яндангийн таталт сайн байх ёстой. Угаарын хий үхлийн аюултай. Тиймээс угаар мэдрэгч тоног төхөөрөмжийнхөө аюулгүй ажиллагааг тогтмол шалгаж байх хэрэгтэй.
Уламжлалт зуух, болон стандартын зуухан дээр сайжруулсан түлш түлж туршиж үзэхэд уламжлалт зуух хангалтгүй байсан. Тиймээс "Тавантолгой түлш" компанид цаашид манай түлш бүх төрлийн зууханд тохирно гэж мэдээлэхээ боль гэдэг хүсэлт тавина.
Нийт 53 дээж авч шалгуулахад шахмал түлш стандартын шаардлага хангасан гэж гарсан. "Тавантолгой түлш" компани БНХАУ-аас барьцалдуулагч авч ашигладаг. Үүнд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх бодис илрээгүй. Бид ид ачааллын үеэр тус компанийн үйлдвэрт 24 цагаар жижүүрлэн ажилласан. Энэ үйлдвэрийн түлшинд ямар ч эргэлзээ байхгүй. Манай лабораторид хийсэн шинжилгээний хариу гадаад улс руу явуулан хийлгэсэн шинжилгээтэй таарсан. Харин иргэд уламжлалт биш сайжруулсан зуухтай болох хэрэгтэй байна. Зуухаа солихгүй бол ирэх өвөл мөн л утаа яриад сууна. Сайжруулсан түлш, сайн зуух, хариуцлагатай иргэн гэсэн гурвалсан холбоосоор утаатай тэмцэхгүй бол болохгүй. Сайжруулсан шахмал түлшийг зөв ашиглахгүй бол утаа арилахгүй. Сайжруулсан зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдах боломжийг олгох ёстой. Энэ зуух ухаалаг утасны үнэтэй. Ухаалаг утсыг зээлээр авч, төлбөрийг нь хуваан төлдөг шиг нөхцөл бүрдүүлчихвэл иргэдэд хэрэгтэй байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний зөвлөлд бид энэ саналыг тавьсан" гэв.