Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
АНУ-ын 'Ресолушн' зэсийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
“Эрдэнэс Оюу Толгой“ компанийн баг бүрэлдэхүүн энэ сарын 2-ны өдөр АНУ-ын “Аризона” мужид байрлах “Ресолушн” далд уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцаж уурхайн удирдлагуудтай санал, туршлага солилцлоо.
“Ресолушн” уурхайн 55 хувийг “Рио Тинто” групп эзэмшдэг бөгөөд АНУ-ын зэсийн салбарын 25 хувийг дангаараа бүрдүүлэх боломжтой орд юм. АНУ-ын “Аризона” мужийн “Супириор” орчмын нутагт 1870-аад оноос уул уурхайн салбарын эхлэл тавигдсан арвин түүхтэй газар аж. Харин “Ресолушн” уурхай энэ хэсэгт 2004 оноос үйл ажиллагаагаа эхэлжээ. 1500-2000 метрийн газрын гүнд байрлах энэхүү далд уурхай нь бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ өдөрт 120,000 тонн зэс олборлох боломжтойг тооцоолсон байна.
Манай улсын тухайд энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар Оюу Толгойн далд уурхайн анхны тэсэлгээг хийж, үйл ажиллагаагаа эхлүүлснийг мэдэгдээд байгаа билээ. Энэ үйл явдалтай холбоотойгоор дэлхийн томоохон тэр дундаа олон арван, зуун жилийн түүхтэй эдгээр уурхайтай танилцах, туршлага судлах, тэдний алдаанаас суралцах нь “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангах, цаг хугацаа, хөрөнгө хэмнэх өндөр ач холбогдолтойг “Эрдэнэс Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат онцолсон юм.