Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Үндэсний үйлдвэрүүд цэвэрлэх байгууламж суурилуулах цаг болсон
Монголын Мянганы сорилтын сангийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал “УСУГ-тай гэрээтэй нийт 500 орчим үйлдвэрийн 284 нь бохирдуулагч гэсэн ангилалд, үлдсэн нь харьцангуй бага бохирдуулагч ангилалд орж байгаа. 2012-2020 оны хооронд бохирдлын хэмжээ өссөн үзүүлэлттэй байна.
УСУГ-тай гэрээтэй арьс шир боловсруулах, ноос ноолуурын 11 үйлдвэрт урьдчилан цэвэрлэх байгууламж байдаг. Нэмж зургаан үйлдвэр суурилуулахаар төлөвлөгөөнд тусгасан. Цаашид үндэсний хэмжээний томоохон үйлдвэрүүд болох ус, ундаа, архи, пиво, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд бүгд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болж байж урагшаа нэг алхам алхах юм. Иймд Туул голоо аваръя, үйлдвэрүүд маань урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулъя, энэ чиглэлд яам, тамгын газрууд бодлогоор дэмжиж ажиллая. Ташрамд хэлэхэд, энэ төлөвлөгөөний хэрэгжилтэд Усны газар, Ус сувгийн удирдах газар, Арьс ширний холбоо гэсэн гурван байгууллага манлайлж ажиллаж байгаа гэлээ.
Шинэ барилга, байгууламжийн шугам сүлжээнд хар тугалганы агууламж стандартаас өндөр гарах тохиолдол бий
Хэлэлцүүлгийн үеэр албан хаагчид оролцогчдын асуултад хариулав.
-Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа аж ахуйн нэгж, иргэдийн талаарх мэдээллийг хаанаас авах вэ. Энэ талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байдаг уу?
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд:
-Улаанбаатар хотын, ялангуяа гэр хорооллын бүсчлэлийн үер устай холбоотой судалгаа, тооцоо нийслэл болон дүүргийн газрын албанд байдаг. Мөн жил бүр үерийн ус буудаг аюултай бүсэд аж төрж буй айлуудыг нүүлгэх ажлыг зохион байгуулдаг. Төслийн хүрээнд хиймэл нуур, толио бий болгох зэргээр ая тухтай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.
-Шугамын бохирдлоос үүдэлтэйгээр хар тугалга болон бусад хүнд металлын агуулга хэрэглээний усанд илэрч байсан уу. Энэ талаар судалгаа, шинжилгээ хийдэг үү?
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар, хамгааллын улсын ахлах байцаагч Б.Баясгалан:
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хар тугалга, зэс, уран, хүнцэл гэх мэт хүнд металлын шинжилгээ хийдэг. Төвлөрсөн ус хангамжаас Улаанбаатар хотын иргэдийн 90 гаруй хувь нь ундаалдаг. Төвлөрсөн ус хангамжаас хүнд металлууд илрээгүй, стандартын хэмжээнд байгаа. Харин шинээр ашиглалтад орж байгаа барилга, байгууламжийн шугам сүлжээнд хар тугалганы агууламж стандартаас өндөр гарах тохиолдол бий. Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нар холбогдох арга хэмжээг авч, стандарт хангуулж ажилладаг.
-Үер, халиа тошингийн эрсдэлээс сэргийлэх ногоон шийдлүүдийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжтой юу?
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан:
-Улаанбаатар хотын хэмжээнд тухайн үеийн төлөвлөлтөөс давсан барилгажсан талбай бий болсон. Ус шингээдэггүй гадаргуу, бетонон зам, талбай ихсэхийн хэрээр үерийн эрсдэл өсдөг. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд шингээх гадаргууг нэвтрүүлэх, хатуу хучилттай талбайг багасгах талаар тусгагдсан. Энэ талаар гадаадын улс орнуудын туршлагыг судалж байна хэмээн хариуллаа.