С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Баделхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нар танилцуулсан.
Төсөл санаачлагч гишүүн Х.Баделхан танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Ногоон хөгжлийн бодлого’-д “Ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн хүчин чадал, бүтээмжийг нэмэгдүүлж, хүн амын 90-ээс доошгүй хувийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг 60-аас доошгүй хувьд хүргэх", мөн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2050 он гэхэд баталгаат шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр хангагдсан хүн амын эзлэх хувийг 90 хувьд хүргэхээр тус тус заасныг дурдаад Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихаар заасныг тодотгосон.
Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа нарын боловсруулсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, дараах үр дүнд хүрнэ. Монгол Улсийн нутгийн захиргааны байгуулллагын ус хангамж, ариутгах татуургын талаарх хууль зүйн зарим зохицуулалт тодорхой болж, хуулийн хэрэгжилт хангагдана. Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг сайжруулан хүн амыг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариун цэврийн байгууламжаар хангагдах нөхцөлийг дээшлүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Цэвэр ус савлаж үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар хангагдах нэгдсэн зохицуулалттай болно. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болон үйлдвэрийн хэрэглээнээс гарсан олон нийтэд халдварт өвчин тараах аюултай хаягдал бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэхээс өмнөх урьдчилан цэвэрлэх байгууламжийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагад хариуцуулна гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцлов.
Мөн хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглапт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсноор бие даасан хараат бус байдал хангагдана. Ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх зардлын бодит өөрчлөлтөөс хамааран тарифыг индексжүүлснээр ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмишгчдийн санхүү, эдийн засгийн нөхцөл байдал сайжирна гэж байлаа.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа нараас 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулгадаа тодотгов.
Мөн тэрбээр, Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг төр аливаа асуудлыг шийдвэрлэж, зохицуулалт хийхдээ тусгай зөвшөөрөл нэмэгдүүлэх замаар биш зөөлнөөс хатууруулсан уян хатан бодлого баримтлах, стандартыг илүү тодорхой болгож, энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд мэдээллүүдийг өгдөг болох, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлснээр эдийн засаг хангагдахгүй тул үүн дээр анхаарах, иргэдийн болон нийгмийн эрүүл мэндтэй холбоотой асуудал учир эдгээр асуудлыг мэргэжлийн байгууллагад нь хариуцуулж, эрүүл ахуйг хангах асуудлыг цаг алдалгүйгээр шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар энэ хуулийн төслөөр Засгийн газар баталдаг байсан төсвийг өөрсдөө баталдаг болж эрх мэдэл, тусгай зөвшөөрөл нэмж байгаа, зардлыг өсгөж байгаа асуудал нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалтыг дордуулсан, стандарт, шаардлага нэрийн дор тоног төхөөрөмж авахыг тулгах, үнийн индексжүүлэлт нэрээр зардлыг өсгөж болзошгүй байгаа, хаягдал бохир усаа мэргэжлийн байгууллагаар цэвэршүүлэхийг үүрэгжүүлэхдээ тодорхой ангилж, зааж өгөөгүй нь нийт хэрэглэгчдэд хамаарахаар байгаа зэрэг нь томоохон аж ахуйн нэгжүүд дээр хүндрэл үүсгэхгүй боловч жижиг аж ахуйн нэгжүүд, өрхийн үйлдвэрлэлд дарамт үүсгэх магадлалтайг анхаарах зэрэг саналуудыг хэлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Г.Ганболд, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, үг хэлэв.
Гишүүдийн зүгээс Дорнод аймгийнхан сүүлийн нэг сар зэвтэй ус хэрэглэж байгаад арга хэмжээ авсан эсэхийг тодруулахын зэрэгцээ цаашлаад Ховд аймгаас эхлээд бусад аймгуудын цэвэрлэх байгууламжийг нь сайжруулахад салбарын яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илүүтэй тодруулсан.
Дорнодын асуудалд газар дээр нь очиж ажилласан. 1987 онд Дорнод аймгийн шугам сүлжээг шинэчилсэн бөгөөд тус аймгийн ус төмөр ихтэйн зэрэгцээ үүнийг төмөргүйжүүлэх бодисыг холбогдох байгууллага хийгээгүй. Мөн үндсэн магистраль шугамаа угааж цэвэрлэх ёстой байтал энэ ажлаа орхигдуулсан байсан. Тиймээс 05 дугаар сарын 07-н гэхэд шугамын цэвэрлэгээний ажил дуусна гэсэн тайлбарыг Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан өгсөн. Мөн тэрбээр, улсын хэмжээнд бүх аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг шат дараатай хийгээд дуусаж байгааг хариултдаа тодотгоод одоо Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн цэвэрлэх байгууламжийн асуудал үлдсэн. Энэ жилээс Баянхонгор, Говь-Алтай аймгийн цэвэрлэх байгууламжийн зургийг хийж эхэлж байна. Ховд аймгийн хувьд мэргэжлийн баг очиж, танилцаад засварлах уу, шинэчлэх үү гэдгийг шийдвэрлэнэ гэж байлаа.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төслийн талаар гишүүдийн зүгээс эргэн нягтлах шаардлагатай асуудлууд байгаа тул төслийн хэлэлцүүлгээс нэг өдрийн завсарлага авахыг мэдэгдэв. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.