Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
77 га талбайд цэвэрлэгээ, ургамалжуулах ажил хийжээ
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 80.8 хувьтай байв. Тухайлбал, хөрөнгө оруулалтаар хэрэгжих ажлуудын газар чөлөөлтийг эрчимжүүлэх үүрэг өгсөн. 2021-2022 он дамжин хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын 59 байршилд газар чөлөөлж байгаагаас 19-ийнх нь газар чөлөөлөлт бүрэн дуусаж, дуусах шатандаа орсон 10 байршил байна. Харин 2022 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлаас 62 байршилд газар чөлөөлөхөөс 12 нь бүрэн дуусжээ.
Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлуудыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, 1092 аж ахуйн нэгжийн 1700 гаруй ажилтан хамрагдаж, байгууллагынхаа ойр орчмыг цэвэрлэж, 105 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хаяжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах үүрэг өгсөн. Тэгвэл 77 га талбайд цэвэрлэгээ, ургамалжуулах ажил хийжээ. Мөн Хот тохижилтын газар 52.9 га талбайн арчилгаа, цэвэрлэгээг хийв.
Мөн дүүргүүдийг өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны дотор ажиллуулах үүрэг болгосон. Тэгвэл нийт 31 усан оргилуурын засвар, шинэчлэлийн ажил 30-75 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд барилга, байгууламжтай холбоотой өргөдөл хамгийн олон буюу 12 хувийг эзэлж байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт сайжирч байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга онцолж байлаа.