Төрийн 16 албан хаагч Японд тэтгэлгээр суралцах боломжтой болжээ

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, Монгол улсын Сангийн сайд Б.Жавхлан нар тавдугаар сарын 13-нд 263 сая иений буцалтгүй тусламжийн “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн гэрээнд гарын үсэг зурлаа.

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын залуу төрийн албан хаагчдыг Япон улсад магистр, докторт суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд гэрээнд гарын үсэг зурснаар энэ жил 16 оюутан суралцах боломжтой болох юм.

Тус хөтөлбөр нь Монгол Улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба өнөөг хүртэл нийт 384 оюутан Япон улсад суралцан магистр, докторын зэрэгтэй төгсөж ирээд, Сангийн Яам, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Барилга, Хот Байгуулалтын Яам, Зам, тээврийн хөгжлийн Яам, Монгол банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.

Япон улс нь Монгол улсыг ардчилсан нийгэмд шилжсэн 1990 оноос хойш хамгийн том хандивлагч орон байсаар ирсэн төдийгүй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар эдийн засгийн харилцаа өргөжиж буйн зэрэгцээ 2022 онд Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй зэрэг хоёр улс хоорондын харилцаа улам бүр хөгжиж байна.

Хөтөлбөр хэрэгжсэнээр Японд суралцаж төгссөн боловсон хүчин тухайн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулахын зэрэгцээ хоёр улсын харилцан ойлголцол, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд мөн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.