“Кансат-2022” үндэсний тэмцээн үргэлжилж байна

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “Кансат-2022” үндэсний V тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, “Шинэ монгол”, “Монгол коосэн” зэрэг сургуулиас бүрдсэн нийт 15 баг оролцож буй.

Багууд тэмцээнд оролцохоос өмнө чиглүүлэх сургалтад хамрагдаж, урьдчилсан болон шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг, нисэх байдлын хэлэлцүүлэгт оролцож, оноо цуглуулах ёстой. Энэ дагуу шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өнгөрсөн бямба гарагт боллоо.

Шийдвэрлэх загварын хэлэлцүүлэгт Кансат төрөлд МУИС-ийн NUMSAT баг 13.2 оноогоор тэргүүлсэн бол Буцагч төрөлд ҮБХИС-ийн АРАВТ баг 12.5 оноогоор түрүүлэв.

"Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг тодруулах шийдвэрлэх тэмцээн зургаадугаар сарын 4-нд Налайхын нислэгийн талбайд болно.