НМХГ: Xятад шошготой цагаан нунтаг бодис хольдог нь тогтоогдсон

НМХГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мөн үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Алтантуяа "Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт хяналт, шалгалт хийхгүй байгаа. Бид иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу ажиллаж байгаа. Мөн Засгийн газар, яам агентлагуудтай хамтарч ажиллаж байна. Тиймээс иргэд бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа бүтээгдэхүүний орц, найрлага, хадгалах хугацааг нягтлах шаардлагатай" гэв.

Харин НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш  "НМХГ-аас найман дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газруудын борлуулж буй архи, согтууруулах ундаанд тандалт судалгаа хийсэн. Дотоодын ААН-ын 12 төрлийн архийг шинжилсэн байна. Тэдгээрийн гурав нь орон нутгийн үйлдвэр бол ес нь нийслэлд бүртгэлтэй байсан. Нийт 68 дээжийн 7.3 хувь нь Монгол Улсад мөрдөгдөж буй стандартад нийцээгүй. Гурван архины хатуулга шошго дээрхээс зөрүүлтэй байсан. Харин хоёр дээжид стандартын хэмжээ их байсан. Тиймээс торгох шийтгэл оногдуулсан. Мөн хяналт шалгалтын явцад импортын шошгын мэдээллийг мөрдөөгүй байх зөрчил илэрсэн. Дотоодод үйл ажиллагаа явуулж байгаа ААН-д холбогдох газруудтай хамтраад, удирдлагуудад нь сургалт оруулсан" гэв. 

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар "Манай байгууллагад “Эм ди си пи” ХХК-д холбогдох гомдол шуурхай дуудлагын утсаар ирсэн. Хяналт шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй, агуулахын бүртэлгүй болох нь тогтоогдсон. Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, хугацаа нь дууссан нунтаг бүтээгдэхүүнийг зааваргүй хэрэглэж байсан. Бид бодисноос болон ямааны махнаас дээш авсан. Мөн тэнд хэрэглэж байсан ундны ус болон бодисыг хэрэглэж байсан уснаас дээж авсан хамрагдуулсан. Шинжилгээний хариу өнөөдөр гарна. Одоогоор байцаагч дээр хариу ирээгүй байна. Хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа. Махыг Хятад руу гаргах гэж байсан  эсэхийг асуусан. Гэтэл дотооддоо борлуулж, түгээнэ гэж хэлээгүй. Ямартай ч хаяг шошгогүй бодис хэрэглэж байсан дээр нь Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг нээнэ. Өмнө нь Эмээлт орчим дахь махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар ариун цэвэр хангахгүй зэрэг олон зөрчил илэрч байсан.

Мөн Витафит милко компанид шалгалт хийсэн. Тус үйлдвэрийн тарагнаас гадны биет илэрсэн гэх гомдол, мэдээлэл ирсэн. Гэвч гомдол гаргагчид тухайн тараг нь байгаагүй учир дээж авч, хяналт шалгалт хийгээгүй. Витафит компанид хяналт шалгалт хийхэд гаднын биет илрэх нөхцөл байдал байгаагүй. Гомдол гаргагч иргэн хадгалалтын горим зөрчсөн тул хөгц, мөөгөнцөр үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа" гэлээ.