Азийн хөгжлийн банк 100 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр үүсээд байгаа гадаад, дотоодын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал Монгол Улсын эдийн засаг, төсөв, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж, гадаад валютын нөөцөд хүчтэй дарамт үзүүлж байна. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны Монгол Улсад 2022-2023 онд үзүүлэх төсвийн дэмжлэгийн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдвэрлэх нь бидэнд нэн чухал байна гэв.

Ноён Павит Рамачандран Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд энэхүү онцгой байдлын үед Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шуурхай ажиллаж, 100.0 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлээд байна. Мөн урт хугацааны төсвийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ оны сүүлээр батлагдах төлөвтэй гэв. Түүнчлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх хоёр зээлийн хэлэлцээр Улсын Их Хурлаар хараахан батлагдаагүй байгаа. Уг хоёр зээл олгохыг Азийн хөгжлийн банкны Удирдах зөвлөлөөр батлагдсан тул энэ хаврын чуулганы хугацаанд багтаан шийдвэрлэж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүсэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэхүү онцгой байдлын үед Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шуурхай ажиллаж байгаа Азийн хөгжлийн банканд талархал илэрхийлэв. Тэрбээр, дээрх хоёр зээлийн хэлэлцээрийг батлуулахад анхаарч ажиллана гээд Улсын Их Хурал төрийн бүх шатны болон төрийн өмчит компаниудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, төрийн өмчит байгууллагуудын шинэчлэл зэрэг чухал арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгааг уулзалтын үеэр дурдав