С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Баяр наадмын хуулийн нэгтгэсэн төслийг Ж.Мөнхбат гишүүн ахалж байна"
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар зарим хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр "Хурлаар нэг асуудал хэлэлцсэн. Хаврын чуулган долоодугаар сард завсарлана. Түүнээс өмнө хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай хуулийн төслийн талаар тодорхой шийдэлд хүрлээ. Чуулганы нэгдсэн хуралдаан 75 хоног хуралдах ёстой. Долоодугаар сарын 1 гэхэд энэ хоног гүйцнэ. Гэхдээ долоодугаар сарын 8-ныг хүртэл хуралдах болов уу гэж төлөвлөсөн.
Хэд хэдэн том хуулийн төслийг хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай. Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг дөрвөн хуулийг энэ чуулганы хугацаанд багтаан хэлэлцэнэ.
Үндэсний баяр наадмын тухай хуулийг наадмаас өмнө батална. Хоёр хуулийн төсөл байна. Нэгийг нь Засгийн газраас өргөн барьсан. Нөгөөг нь Х.Болорчулуун нарын гишүүн өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн төсөлд Ж.Мөнхбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Цаад хугацаа нь ирэх сарын 20 гэхэд батлах шаардлагатай. Төрийн албаны тухай гурван хуулийн төслийг нэгтгэн боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна.
Эдийн засгийн байнгын хороо Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Зөвшөөрлийн тухай, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг тогтоолын төслүүд байна. Хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай. Ойрын үед Засгийн газраас хэд хэдэн хуулийн төслийг яаралтай өргөн барина. Эдийн засгийн шинэчлэлийн хэд хэдэн хууль бий" гэв.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийг 2003 онд баталснаас хойш нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалтыг өөрчилсөн бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг тусгаад байгаа юм.
Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд ихээхэн гарсаар байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч буй юм.
Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь допинг хэрэглэхийг зөвлөж, хэрэглүүлж байгаа дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэг нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, энэ хөшүүрэг үр дүнтэй байж чадахгүй байна гэж хууль санаачлагчид үзжээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд үндэсний шагайн харвааг зохион байгуулах талаар зохицуулалт байхгүй боловч 1998 оноос эхлэн улс, аймаг, нийслэл, сумын баяр наадамд дөрөв дэх төрөл болон зохион байгуулагдаж, өөрийн дүрмээр зохицуулагдаж ирсэн. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагад үндэслэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа гэлээ.