С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Амарсайхан: Сонгинохайрханы мэргэжлийн хяналтыг бүтцээр нь өөрчилнө
Засгийн газрын ээлжит хуралдаанд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулах, цаашид хяналтын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Шадар сайд С.Амарсайхан танилцуулжээ.
Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг энэ оныг дуустлах хугацаанд түр түдгэлзүүлсэн байна.
Мөн мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг чангатгаж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эрхлэх дүгнэлтийг цуцлахыг Мэргэлийн хяналтын газрын дарга Б.Баасандоржид үүрэг болгожээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөх буюу хориглох бүс тогтоох, үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, ХХААХҮ-ийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт Ерөнхий сайд даалгасан аж. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Малыг төхөөрөхөөс эхлээд хэрэглэгчийн гарт хүртэл стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байх зохицуулалтад орно. Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлохоор үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн эрүүл ахуйн шаардлагатай холбоотой асуудал гарсан. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 аж ахуйн нэгжээс 16-гийнх нь тусгай зөвшөөрлийг цуцалсан. Хяналт шалгалтын үйл ажиллагааг цаашид үргэлжилнэ. Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, нийлүүлэх экспортын үйл ажиллагаа 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зогсоож байна.
Малыг төхөөрөхөөс эхлээд мах, махан бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүртэл бүх үйл ажиллагааг стандартын шинэчилсэн зохицуулахаар өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Шинэ стандартыг мөрдүүлэх ажил шуурхай эхэлнэ. Энэ нь зөвхөн Эмээлтэд мах боловсруулах үйлдвэрүүдэд үйлчлэхгүй. Монгол Улсад мах худалдаалж буй бүх аж ахуйн нэгжид хамаарна. Хүнсний хууль тогтоомжид яаралтай өөрчлөлт оруулж, стандартыг хуульчилж өгнө.
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дулаан аргаар мах боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хотоос нүүлгэн шилжүүлнэ. Махны асуудалтай холбогдуулан хяналт, шалгалт хийгээгүй ажлын хариуцлага алдсан Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрын бүрэн бүрэлдэхүүнийг өөрчилнө. НМХГ, МХЕГ-ын зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцно. Монгол Улсад олон лабораториуд байдаг. Чадавх сул, уялдаа холбоо байхгүй. Үндэсний хэмжээний лабораторийн тогтолцоог бий болгох асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ" гэв.