ЭхСурвалж #8: Ц.Элбэгдорж ингэж хэлээд 20 жилийн дараа санасандаа хүрчээ

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойшхи 32 жилийн түүхэнд хоёр удаа Ерөнхий сайдын албыг хашиж, найман жилийн хугацаанд Төрийн тэргүүнээр ажилласан цорын ганц улстөрчийн намтар нь Ц.Элбэгдоржийнх. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, удаах Н.Багабанди нарыг эс тооцвол эрх мэдлийн өндөр сэнтийд ээлж дарааллан ингэж заларсан нь үгүй. 2000-2009 оны хооронд Ерөнхий сайдаас УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн эрэмбэ хүртэл зогсолтгүй өссөн карьер нь Н.Энхбаярынх ч улиран сонгогдох хувь дутсан нь Ц.Элбэгдоржийг цор ганц гэж тодотгох шалтгаан. Гэхдээ энд Ц.Элбэгдоржийн эрхэлж байсан тушаалын он тооллыг шүүж, дэнслэх гэсэнгүй. Харин 1992 оны нэгдүгээр сарын 3-нд шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр 427 дугаар тойргоос сонгогдсон депутат Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг халах асуудлыг хөндөж байсныг эргэн сануулъя. Шинэ Үндсэн хуулийг батлахаас 12 хоногийн өмнө хэлж асан түүний уг байр суурь 20 жилийн дараа буюу 2012 онд баталгаажиж байсныг залуухан депутат Ц.Элбэгдорж өөрөө ч гадарлаагүй явсан байж мэднэ.

Тэрбээр "Шууд яръя. Амьд явах эрхтэй гэдэг зүйлд цөөнх болж байгаа юм. Манайхан яах вэ оросоор ярьж ойлгодог болчихсон юм. Зарим хүн тайлбарлахдаа энэ бол право ка жизнь гэдэг үг гэж хэлж байна. Энэ үг өөрөө олон ч депутатуудаас уулзаж, ярьж байхад хүртэл хэлж байсан. Амьдрах, аж төрөх гэсэн ийм утгатай үг. Право жить гэдэг бол зүгээр л амьсгал аваад байж байх тухай асуудлыг бид энд хуульчилж байгаа юм. Амьд явах эрхийн тухай асуудлыг амьсгалтай байх. Амьсгал нь тасарсан тохиолдолд тэр эрх нь дуусч байгаа гэсэн.

Право на жизнь гэдэг бол амьдрах, аж төрөхийн асуудал. Ингээд ойлгогдож байгаа байх. Миний хувьд амьд явах эрхтэй гэдгийг ингэж найруулж өгмөөр байгаа юм. Амгалан тайван аж төрөх, амьдрах эрхтэй. Дараагийн тэр өгүүлбэрийг бүтнээр нь хасъя. Хасах үндэслэлийг хоёр гурван зүйл дээр хэлье. Тэгэхгүй бол болохгүй нь. Нэгдүгээрт, ердөөсөө миний энэ хэлэх гээд байгаа санал нь Монгол Улсад цаазаар авах ялын асуудлыг Үндсэн хуульдаа, Их засаг хуульдаа тусгаж өгч болохгүй. Өгөх шаардлагагүй гэдгийг хэлэх гээд байгаа юм. Энэ бол амьд явах эрхийг бүдүүлгээр бусниулж, зөрчиж байгаа хэлбэр. Алдаатай шийдвэрийг 100 хувь баталгаажуулж байгаа хэлбэр юм. Хэчнээн ч алдаатай шийдвэр байсан тэр хүнийг цаазалсан л бол тэгээд өнгөрнө.

Яллагдагч амьддаа цагаатгах ямар ч эрхгүй болно. Бүрэн, дүүрэн. Өөр нэг зүйл нь иргэн, иргэнийхээ амийг бусниулах асуудлыг бид яаж ч хорьж чадахгүй нь ээ. Гэтэл иргэн сонгосон, төр нь эргээд иргэнийхээ амийг бусниулах учиргүй ээ. Ийм асуудал байж болохгүй гэж үзэж байна. Сая Сумъяа гуайн хэлдэг маш зөв асуудал. Үзэл бодлынх нь төлөө хэлмэгдүүлэх, аймаглан устгах явдал эндээс л гардаг. Цаазаар авах ялыг байлгаад байх юм бол онц ноцтой хэрэг үйлдэгсдийн тоо нэмэгдэнэ гэж байгаа. Цаазаар авах ялыг авч хаясан улс оронд судалгаа явуулсан дүнгүүд байдаг. Тэнд харин онц ноцтой гэмт хэрэг үйлдэгсдийн цөөрсөн явдлууд байна.

Цаазаар авах ялыг хэрвээ байлгах юм бол улам харгис, ноцтой хэлбэртэй болдог. Нэг хүний амь хохирлоо гэхэд дараа нь төр нэмж нэг хүний амийг хохироох болгодог. Хоёр амь болгодог. Цаазаар авах ялыг байлгаснаараа тэр хүчирхийлэлт янз бүрийн юмыг устгана гэж байхгүй ээ. Хүчирхийлэл өөрөө хүчирхийлэллийг төрүүлдэг. Зөөлөн нь хатуугаа иддэг тэр зарчмаар явах ёстой. Хүн алсан хүнд эргэж ярьж болно. Бүх насаар нь хорих, барих асуудал бий. Цаазаар авах ялыг авч хаясан 100 гаруй улс оронд авч хэрэглэдэг ялууд байна. Өмнөх Үндсэн хуулиас энэ дээр бүр эргэж хармаар нэг зүйл бол Та бүхэн хүлээж авахгүй юм шиг байна. Эргэж хармаар зүйл нь өмнөх Үндсэн хуульд ийм заалт байсан.

18 нас хүрсэн, 60 наснаас дээш, бүх эмэгтэйчүүдийг цаазаар авах ялаас чөлөөлж байсан. Өмнөх Үндсэн хууль бол Монгол Улсын иргэдийн, Монголд амьдардаг хүмүүсийн 80 хувийг цаазаар авах ялаас чөлөөлж байсан. Энд 100 хувиар зааж зааж өгсөн. Наад зах нь энэ асуудал байж болно оо, энэ дээр. Нэгэнт Үндсэн хуульдаа энэ баталгааг хийж өгөөгүй тохиолдолд Эрүүгийн хуулиудад энэ хойшоогоо явна шүү. Төр нь иргэнээ алдаг ийм л юм Их засаг хуульдаа битгий оруулаач ээ гэдгийг л хэлмээр байна" гэж байжээ.

Депутат Ц.Элбэгдоржийн онцолсон байр суурийг Ардын Их Хурлын олонх хүлээж аваагүй ч үүнээс 20 жилийн дараа буюу 2012 онд Монгол Улс цаазаар авах ялыг халж байсан түүхтэй. Хуанлийн хуудсаар нь хөөж үзвэл яг 20 жилийн дараа гэсэн үг. Учир нь, тухайн үеийн парламент Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг соёрхон баталснаар Монгол Улс цаазаар авах ялгүй орон болох хөрсийг тавьж байлаа. НҮБ-ын 1982 оны XVI чуулганаар "...гишүүн орнууд...хамгийн ноцтой гэмт хэрэгт ч цаазаар авах ял шийтгэлийг хязгаарлах ёстой” гэсэн зөвлөмжийг гаргасан байдаг. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, зайлшгүй шаардлага манай улсад тулгарсан энэ.

Эл үйл явдлаас хоёр жилийн өмнө, 2010 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувиар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд цаазаар авах ялтай холбогдуулж үг хэлж байв. Төрийн тэргүүний тангараг өргөснөөс долоон сарын дараа хоёр аравны өмнөх сэдвийг онцлон барьж авсан тэрбээр найман шалтгаан, хоёр онцгой нөхцөлийг дурдаад "Монгол Улс бол түүхийн ч, эрх чөлөөний ч хувьд эрхэмсэг дүр төрхтэй орон. Иргэд нь ч ийм орон. Иймээс би Монгол хүний тэр эрхэмсэг байдлыг үхтэл нь доош хийж байгаа цаазаар авах ялын тухай яриаг Монгол Улсад үүрд мартахыг хүсэж байна. Монгол хүн бол цаазаар авагдах дорд хувь заяатай хүн биш. Тэнгэр заяатай, их хувьтай хүн. Монголчууд аа, миний ард түмээн, тэнгэр заяа, их хувь, сайн нэрээ хичээж нэр төртэй амьдарцгаая" гэж байлаа.

Түүнийг ийн хэлснээс хоёр жилийн дараа буюу 2012 онд УИХ-аас Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг соёрхон баталсан хэрэг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” хэмээн заалт бий. Энэ заалтын дагуу зөвхөн Эрүүгийн хуульд заасан тохиолдолд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оногдуулж болно. Бусад бүх тохиолдолд цаазлахыг хориглосон гэж ихэнх хуульч, судлаачид үздэг.

Гэхдээ 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар цаазаар авах ялыг албан ёсоор халсан түүхтэй. Нэг үгээр, УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг бүрэн халсан нь энэ. Хоёр парламент дамжиж шийдэгдсэн асуудлын дагуу Монгол Улс цаазаар авах ялыг халснаар үндэсний зөвшилцөл буюу үнэт зүйлийнхээ төлөө нэгдсэн бодитой алхам гэж үздэг. Авчиг 2017 оны арваннэгдүгээр сард тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга цаазаар авах ялыг сэргээх асуудлыг хөндөж, хуульчдын баг ажиллуулж эхэлснээ зарласан нь уг асуудлыг дахин анхаарлын төвд оруулсан удаатай. Хууль зүй, дотоод хэргийн яаманд анхлан хүргүүлсэн Ерөнхийлөгч асны саналтай холбогдуулж, Европын холбооноос Монгол Улсад мэдэгдэл ирүүлсэн тохиолдол ч бий. Монгол Улсыг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүрэгтэйг сануулсан мэдэгдэлд цаазын ялыг сэргээвэл татварын хөнгөлөлтийн нөхцөлтэй гэрээнүүдээ эргэж харахаа ч сануулсан гэдэг.

Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Монгол Улс цаазын ялыг сэргээх асуудлыг дахин сөхөөгүй. Асуудал тэгсхийгээд намжсан. Харин Ардын Нам улиран засаглаж буй энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх сэдэл эрчимжихтэй холбогдуулж цаазын ялтай холбоотой заалтыг Үндсэн хуульдаа тусгаж, бүр мөсөн халах санал хөндөгдөж эхэллээ. Ингэхдээ хүний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг Үндсэн хуулиар баталгаажуулж, бүрэн хамгаална гэж үзэж байгаа юм.

С.Гандөл