С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хөгжлийн банк дөнгөж эхлэл нь байжээ
Ардчилсан Нам засаглаж байхад, Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албатай явахад Монгол Улс хоёр төсөвтэй байлаа. Улсын төсвийн хуваарилалт нь Ч.Улаан сайдынх, бондын зарцуулалт нь Эдийн засгийн хөгжлийн яам, Н.Батбаярын мэдэлд байв. Уг нь Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аас баталдаг зарчмаар Монгол Улс Төсвийн тухай ганцхан хуультай. Түүнийхээ хүрээнд бүтэн жилийнхээ орлого, зарлагыг Сангийн яамаар дамжуулж хэрэгжүүлдэг. Атал Сангийн сайд нь Ч.Улаан нэртэй болохоос бүтээн байгуулалтад шаардлагатай бондын санхүүжилтийн зөвшөөрөл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын гарын үсгээр баталгааждаг байсан юм.
УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр өөрөө ч "Эдийн засгийн хөгжлийн сайдаар 26 сар ажиллахдаа 2.4 тэрбум ам.доллар босгосон" гэдгийг хэлдэг л юм. Гагцхүү Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайдтай, Н.Батбаярын удирдсан Хөгжлийн яамтай Засгийн газрын үед олон улсын зах зээлээс босгосон "Чингис" бондын 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтэд шалгалт оруулахаар болсон нь энэ өдрүүдийн гол сэдвийн нэг байх нь.
Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбарласнаар хамрах хүрээ нь цомхон. Үндсэндээ "2012 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 5.2 тэрбум ам.долларын долоон бонд гаргасан. Үүнээс зөвхөн "Чингис" бондын 1.5 тэрбум ам.доллараар төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. Бусад бондын хөрөнгийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, өмнөх бондын өрүүдийг төлөхөд зарцуулсан. Тиймээс манай ажлын хэсгийн шалгалтын хүрээ цомхон. “Чингис” бондын хөрөнгийг хэрхэн зарцуулсан бэ гэдгийг шалгаж, өнөөдөр ямар эрсдэлд хүргэсэн болохыг тайлагнах болно. Бид өрийнхөө хэмжээнээс илүү зарцуулалтыг нь анхаарах ёстой. Өрийн асуудал маш эмзэг" гэсэн тайлбарыг Ажлын хэсгийн ахлагч өгнө лээ.
Угтаа бол Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байгаа аж. Саяхан Ерөнхий сайдын айлчлал хийсэн Сингапурын 420 хувиас мэдээж бага. Гурав дахин, түүнээс ихээр хэмжигддэг Англи, Японы хажууд бол бүр бага. Гол нь тухайн улс орны гадаад өрийн хэмжээ нь ДНБ-ээсээ хэд нугардаг атлаа яагаад дефолт зарлах асуудал үүсдэггүй нь ганцхан шалтгаантай. Зээлийнх нь зарцуулалт чанартай, эргэн төлөлт нь хяналттай бас хариуцлагатай. Эцсийн дүндээ эдийн засагтаа өгөөжтэй.
Авчиг Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх гэсэн Ерөнхий сайдын үед буюу 2012 оноос улбаатай 5.2 тэрбум ам.долларын долоон бондоос зөвхөн "Чингис" бондын зарцуулалтад шалгалт оруулахаар болсон Ерөнхий сайдаас өгсөн үүргийн зорилго тодорхой. "Бусад бондын хөрөнгийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, өмнөх бондын өрүүдийг төлөхөд зарцуулсан" гэж Б.Жавхлан сайдын хэлсэн үнэн л юм бол өрийн хэмжээг 220 хувьд хүргэсэн гадаад өрийн хэмжээний учиг "Чингис" бондын зарцуулалтаас хамаарах бүрэн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас том төслүүдийг санхүүжүүлсэн зээл үр дүнгээ өгөөгүй, өгөхгүй байна гэсэн үг. Оргүй ч үндэслэл биш.
З.Энхболд парламентын спикер, АН-ын дарга байхдаа "Аймгуудыг холбосон замын үр дүн таван жилдээ гарахгүй. Тэгвэл энэ зээлээ шинэ бонд гаргаад хаачихаж болж байгаа юм. Замын өртөг 15 жилээр л төлөгдөж байгаа. Н.Алтанхуягийн Засгийн газрын нэг алдаа нь аймаг, орон нутгийн замуудын зардлын гуравны нэгийг бондоос, үлдсэнийг нь хөрөнгө оруулагчдаас гаргуулах байсныг тэгж чадаагүй. Зарим аймагт зуун хувь бондоос гаргуулчихсан" гээд ярьж л байлаа. Аймгийн төвүүдийг авто замаар холбох нь сайхан ч анхнаасаа судалгаа, тооцоогүй явсны алдаатай бодлогыг горыг нийтээрээ амсах нь өрөөсгөл. Тууз хайчилж, тоорцог өмсгөхдөө бус анхнаасаа төлөвлөлттэй явсан бол өнөөдрийн хэмжээнд хүрэхгүй, тулахгүй байсан гэсэн үг.
Ямар ч байсан Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсгээс "Чингис" бондын 1.5 тэрбум ам.долларын зарцуулалтад шалгалт оруулж, ирэх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулга хийснээр дараа, дараагийн замын зургаа гаргах нь. Хөгжлийн банкаар дамжуулан олгосон эл бондын бондын хөрөнгийн 50 гаруй хувь нь өдгөө чанаргүй зээлийн ангилалд багтсан нь бүгдэд ил болсон мэдээлэл. Эндээс харахад Хөгжлийн банкийг тоносон асуудлыг хөндөж, хүний өөрийнгүй дайсантай болсон Ерөнхий сайдын алхам дөнгөж эхлэл байсан бололтой.
Нэг км авто замыг 440 сая төгрөгөөр барихаар гэрээ байгуулсан атлаа тэрбум 895 сая төгрөг буюу анхны дүнгээсээ 4.3 дахин өсгөж хийдэг, зураг төсөл нь гараагүй байхад 300 саяар гэрээлж, эцэстээ 1.3 тэрбумаар зарцуулсан бэлээхэн жишээ тэнд бий. Хямд өртгөөр их ажил хийх дүр үзүүлж төсөл урьтаж авчихаад дараа нь өртгөө хэд дахин өсгөж Хөгжлийн банкнаас ашиг хүүлдэг гэсэн үг. Яг л "Хүрээний бузрыг дэлгэвэл далай" гэдэг шиг "Чингис" бондын зарцуулалтаас "Бай"-ндаа туссан нь хэд бол гэдэг нь маргаангүй анхаарал татах сэдэв. Хаанаас ямар бонд авсныг нь олон нийт мэддэг мөртлөө харин хэрхэн зарцуулав гэдэг тоймтой мэдээлэл үнэндээ байдаггүй нь өнөөдрийн бидний бодит төрх.
Г.Эрхэс