С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Э.Болормааг Ховдын Засаг даргаар батламжилжээ
Ховдын аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормааг сонгосон билээ. Аймгийн ИТХ-ын Засаг даргаар Э.Болормааг сонгосон тухай тогтоолыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормааг сонгосон тогтоолыг батламжилжээ. Тэрбээр Ерөнхий сайдаас захирамжаа гардан авч, үүрэгт ажилдаа албан ёсоор оржээ.
Батламжаа гардан авсныхаа дараа Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа: Та бүхнийхээ итгэл найдвар, Ховд аймгийн 90 гаруй мянган иргэний хүсэл эрмэлзлийг өвөртөлж, Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болох үүрэг хариуцлага хүлээлээ. Энэхүү өндөр үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна.
Тийм ч учраас Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, төрөлх Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хичээнгүйлэн ажиллах болно. Сурч эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа Монгол улсынхаа хөгжлийн төлөө зориулж буй шинэ үеийн залуусаа дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа. Залуусын хамтын хүч, эв нэгдлээр илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээцгээе.
Мөн өнөөдрөөс эхэлж энэхүү хуудсаараа дамжуулан орон нутгийн аж амьдрал, бодлого, шийдвэрээ цаг алдалгүй хүргэхийг эрмэлзэх болно оо. Та бүхэн тусалж, дэмжээрэй. Төрөлх Ховд нутгаа цэцэглэн хөгжүүлж, Монгол Улсын тэргүүлэх аймаг болгохын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе" гэжээ.