С.Баярцогт үүнийг л хүлээж байжээ

Тэр хэсэгтээ биш хэдэн жил нам жим явснаа гэнэт гарч ирлээ. Ирэх, ирэхдээ улс төрд идэвхтэй оролцохоо зарлаж, хүний эрх, хууль засагладаг тогтолцооны төлөө ажиллахаа мэдэгдэв. Улс төрийн цагаа тайлсан өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Оюу Толгойн гэрээ гэсэн ганцхан сэдэв С.Баярцогтыг тойрч, бас ороож, яллаж ирсэн түүхтэй. Энэ хооронд цагдан хоригдож явлаа. Шүүхээс ял сонсож үзлээ. Эцэст нь түүнд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаасныг нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгосноор сая ам нээх эрхтэй болжээ. Монголын нөлөө бүхий улстөрчид, иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор Швейцарын хуулийн байгууллагад гаргасан хүсэлтийн дагуу үүсгэсэн хэргийг ч мөн хэрэгсэхгүй болгосон тогтоолыг өмгөөлөгчөөр нь дамжуулж энэ оны наймдугаар сард ирүүлсэн байна.

С.Баярцогт өөрийгөө гэм буруугүй гэдгийг Нийслэлийн прокурорын үүдэнд цугласан хэвлэлийнхний өмнө бат илгэлтэйгээр хэлсэн шалтгаан энэ байх. Гэхдээ үүнээс ч илүү онцлох зүйл нь "Улс төрд идэвхтэй оролцоно" хэмээх өгүүлбэр. Ер нь С.Баярцогтын улс төрд өнгөрүүлсэн 30 жилд хамгийн адармаатай, асуудалтай, анхаарал татсан шийдвэр бүхэн түүний хашиж ирсэн албан тушаалтай ямар нэгэн байдлаар холбогдож ирсэн байдаг юм.

Идэрхэн 23-хан насандаа Монголын улс төрд хөл тавьж, Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутатаар ажилласан хүн нь тэр. Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулж, батлалцахад гар бие оролцож, Ерөнхийлөгчийн засаглал руу хэлбийж мэдэх эгзэгтэй цаг үед хожим, хойно гарч болох эрсдэлийг сануулж, сэрэмжлүүлж явсан нэгэн. Өнөөдөр улстөрчид нь ч, нийгэм нь ч нэг хүний засаглал ямар хор уршигтайг хөрш орнуудад үүссэн нөхцөл байдлаас хангалттай харж, мэдэрч, ойлгож байна.

Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Байгаль орчны сайдаар очихдоо л АН-д өөрийнхөө орон зайг тогтоож эхэлсэн нь 2004 онд Хэрэг эрхлэх газрын дарга болсноор үргэлжилдэг. Эзэмшсэн мэргэжил нь ч эдийн засагч учраас Сангийн сайдад томилуулахаар ярьж байсан юм билээ. Гэвч сонгуулийн үр дүнгээр эн тэнцүүхэн буюу тухайн үеийн МАХН 36, "Эх орон-Ардчилал" эвсэл 36 суудал авснаар өөр хоорондоо тохиролцож, зөвшилцлийн ширээнд суухаас аргагүйд хүрсэн түүхтэй.

Уг ажлыг гардаж нугалсан хүн нь С.Баярцогт байж таарснаар 50, 50 гэсэн харьцаатай эмхэлсэн Ц.Элбэгдоржийн танхимд Хэрэг эрхлэхийн даргаар очсон гэдэг. Засгийн газраа тогтвортой ажиллуулах гол хөшүүрэг нь зөвшилцлийг хадгалах учраас түүнийг зангидаж, залуурдах гол хүн нь Хэрэг эрхлэхийн даргаас өөр байгаагүй нь лав. Ингэж л Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар хоёр жил тогтвортой ажиллаж, Их эзэн Чингис хааны хөшөөт цогцолборыг барьж, Төрийн ордны өмнөх Бунханг нүүлгэж байв. Анхандаа "С.Баярцогтын балгас" болтлоо шүүмжлүүлж байсан бүтээн байгуулалт өдгөө нийт монголчуудын бахархал болоод л явж байна.

2008 онд МАН ялалт байгуулсан ч намын дарга С.Баярын шийдвэрээр сөрөг хүчинтэйгээ хамтарсан "Стандарт бус Засгийн газар"-ын Тэргүүн Шадар сайдад нь С.Баярцогтыг нэр дэвшүүлэхээр УИХ дахь АН-ын бүлгийнхэн тохирцгоож байлаа. Хариуд нь Ерөнхий сайд С.Баяр дуудаж уулзахдаа Сангийн сайдын суудлыг санал болгосон гэдэг л юм. Үр дүнд нь Оюу Толгойн гэрээ урагшилж, үзэглэгдсэн. 1990 оноос хойших гуравдагч хөршийн оролцоотой дэлхийн хэмжээний энтэй аварга төслийн хөрөнгө оруулалт тэгж л хөдөлсөн.

Эдгээрийг хэн нэгэн, хэзээ нэгэн цагт хийх л байсан байх. Гэхдээ л хувь заяаны тохиол уу? эсвэл цаг үеийнх нь шаардлага уу? хэлж мэдэхгүй, С.Баярцогтын хашиж асан албан тушаал бүр нь ямар нэг сэжмээр холбоотой явж иржээ. Үүнийг нь АЗ гэх үү? ЭЗ байв уу? гэдгийг цаг хугацаа л харуулна.

Мэдээж тэр бүгдийг С.Баярцогт ганцаараа хийчихээгүй. Олуулаа, багаараа, Засгийн газрынхаа түвшинд хийсэн. Гагцхүү хоёр ч сонгуулийн цикл дамнан прокурорын яллах дүгнэлттэй явсан С.Баярцогт өөрт холбогдох хэргүүд нь хэрэгсэхгүй болохтой зэрэгцэн улс төрд эргэн ирснээ зарлаж буй нь өөрөө сонирхолтой сэдэв. Үүнийг л хүлээж байсан юм шиг өөрөө гарч ирлээ.

Түүнийг шалгаж эхлэхтэй зэрэгцсэн Ардчилсан Намын хагарал өнгөрсөн зургаан жилийн хугацаанд ужгирсаар өнөөдөр С.Эрдэнэ, Х.Баттулга гэсэн хоёр хүн өмчирхөл дор тэдний хамаарал бүхий залуу үеийнхний зодоон болтлоо даамжирч, хэн нь, хэнийхээ дээр гарах вэ? гэх өширхөлөөр үргэлжилж буй. Энэ байдлаараа цааш үргэлжилбэл Баабарын хэлдгээр АН ёроолдоо тулах биш нэгмөсөн "булшлагдах" нь. Ингэхгүйн тулд энэ хүртэл явж, бүтээж ирсэн улс төрийн орон зайгаа эргэн олж авах гарц нь тэдэнд зөвшилцөл, эв нэгдэл хэрэгтэйг харуулх болов. Гашуун ч гэсэн бодит үнэн нь л энэ. Харин түүнийг хийх хувь тохиол нь энэ удаад дахин С.Баярцогтод ирсэн үү? гэдгийг харах л үлдлээ. Өөрийнх нь хэлснээр улс төрд идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь үнэн нь л юм бол шүү дээ! 

Эгзэгтэй цаг үед ашигтай талд зогсдог нь улстөрч хүний араншин бол эсрэгээрээ хэрэгтэй байрлалд очдог холбон тоглогчийн үүрэг нь С.Баярцогтын гэм биш зан. Түүнээс Намын удирдлагад очих тухай хоёр, гурав бүр 1000 дугаар асуудал. АН сэхэж л байвал С.Баярцогт байтугай чөтгөртэй ч эвсэхэд бэлэн болсон цаг...!?

С.Гандөл