2023 онд нийслэлд 32.4 тэрбум төгрөгийн арга хэмжээг ОНХС-гаас санхүүжүүлэхээр танилцуулав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар хэлэлцлээ. Иргэдээс санал авсны үндсэн дээр үр дүнгийг нь нэгтгэсэн бөгөөд орон нутгийн хөгжлийн сан нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлт, төслийн эрэмбэ, хэрэгжилт, худалдан авах ажиллагаа, хяналт шинжилгээ үнэлгээ, хөрөнгийн удирдлага гэсэн 5 үе шаттай хэрэгжих хуультай. Энэ жилийн хувьд Сангийн яамнаас орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт иргэдийн саналыг улс даяар цахим хэлбэрээр авсан байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас хоёр сарын хугацаанд зохион байгуулсан санал асуулгын дүнгээр нийт 1,140,376 төсөл хөтөлбөрийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналыг иргэд ирүүлжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн талбайд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах 216,157 санал ирсэн байна. Мөн гэрэлтүүлэг, явган хүний зам, камержуулалт, орон сууцны байрны гадна дулаалгын засвар, цахилгаан шугам хүчдэлийг сайжруулах, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж зэрэгт хамгийн олон санал иржээ. Мөн автозамын засвар шинэчлэл, орон сууцны байрны дээвэр засвар, үерийн ус зайлуулах суваг шуудуу, хоолой хийх, ногоон байгууламж нэмэгдүүлэх зэрэгт иргэд саналаа өгсөн бөгөөд эдгээрийг эрэмбэлж, хамгийн олон иргэний нийтлэг эрх ашгийг хангахуйц төслийг эхлээд санхүүжүүлэх юм.

Тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын санхүүжилт хэрхэн нэмэгдсэнийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэбаяр тодруулсан юм. Улсын төсөв болон ОНХС-гийн нэгдсэн сангаас тодорхой аргачлалаар дүүрэг болон нийслэлд 50:50 гэсэн харьцаагаар санхүүжилт нь хуваарилагддаг. 2023 онд нийслэлд 32.4 тэрбум төгрөгийн төсвийг нийслэлийн ОНХС-д хуваарилжээ. Хөрөнгийн хуваарилалтыг хийхдээ иргэдийн санал асуулга дээр үндэслэн, хамгийн өндөр саналтай эрэмбээр хэрэгжүүлэх аж. Төлөөлөгч Л.Отгонбаатар ОНХС-гаас 2022 онд Хан-Уул дүүргийн 4 хороо, Вива сити хороололд ахмад настан, хүүхдүүдэд зориулсан чийрэгжүүлэлтийн ажлын явц удаан байна. Ямар шалтгааны улмаас ажил явахгүй байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар төлөөлөгчдөд өгдөггүй бөгөөд тендер амжилтгүй болсон шалтгаанаар хийх ажил нь багасаж байгааг шүүмжиллээ. Уг ажил дээр нийт 5 удаа тендер зарласан бөгөөд батлагдсан төсөв нь хийх ажилдаа тэнцэхгүй байгаа учраас ажлын даалгаварт өөрчлөлт оруулсан гэдгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга тайлбарлав. Төлөөлөгч Ү.Оюунзулын хувьд ОНХС-гаар хийсэн бүтээн байгуулалтын ажлын арчлалт хамгаалалтыг хэн хариуцдаг вэ гэдгийг тодруулсан юм. Мөн ажлыг хурдан шуурхай, чанартай гүйцэтгэхэд ажил хариуцсан хүмүүс анхаарч ажиллахыг сануулав. Танилцуулгатай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-аас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг даргад чиглэл хүргүүлнэ.