“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга зам, гаргах, зөвлөлдөх санал асуулгыг удахгүй зохион байгуулах гэж байна. УИХ-аас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 онд баталж, анх удаа зохион байгуулж байсан удаатай. Тэгэхэд зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцүүлж байв.

Харин нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлыг 800 орчим иргэний оролцоотойгоор хэлэлцэн тодорхойлж, гарц гаргалгааг нь эрэлхийлэх нь энэ удаагийн асуулгын онцлог, гол тулгуур багана нь. Үндсэндээ асуулгад багтсан асуулттай холбоотой мэдээллийг өгч, тухайн иргэдээс дахин санал асуулга авах нь. Анхны авсан санал асуулгын нэг ч үг өгүүлбэр, бүр цэг, таслалыг өөрчлөхгүй учраас хөндлөнгийн ямар нэгэн нөлөө орохгүй гэсэн үг. Нэг ёсондоо хоёр удаагийн судалгаагаар гарсан өөрчлөлтийг хэмжиж, харьцуулж эцсийн үр дүнг тодорхойлно. 

Эндээс нэг асуулт гарч ирнэ. Тэр нь Монгол Улс 3.2 сая иргэнтэй. Гэтэл 800 иргэн нийт хүнээ төлөөлж чадах уу? гэсэн хардлага мөн эргэлзээ. Гаднын улс орон явуулсан, явуулж ирсэн туршлагаас харахад 800 иргэн гэдэг хангалттай тоо аж. Жишээ нь, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулын өмнөхөн Зөвлөлдөх санал асуулгыг явуулж байжээ. Тухайн үед сонгуулийн насны 168 сая иргэн тус улсад байсан байна. Сонирхолтой нь, санал өгөх эрхтэй нийт иргэнээ төлөөлүүлж ердөө 500 хүнийг сонгосон гэдэг. АНУ 50 муж улстай гэж тооцвол нэгнээс нь ердөө 10 хүнийг сонгосон нь энэ. 168 сая хүнийг 500-хан иргэн төлөөлөх нь хэтэрхий бага санагдаж болох ч тэдгээрээ дамжуулж, тухайн улсад тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, бас эрэмбэлжээ.

Эндээс 3.2 сая иргэнийг тэр дундаа сонгуулийн санал өгөх насны 1.8 сая хүнд 800 гэдэг чамлахааргүй тоо, эсрэгээрээ хангалттай гэдгийг харж болно. Үндсэн агуулга нь статистикийн онол, арга зүйд тулгуурлаж буй учраас түүгээрээ л явуулахаар болсон нь энэ. Ингэхдээ эхний шатанд сонгогдсон 1570 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдох 800 иргэнийг зөвлөлдөх санал асуулгад оролцуулах юм. Асуулгын хүрээнд иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах болон нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн дөрвөн багц сэдвийг хөндөнө. 2017 оны санал асуулга зөвхөн Үндсэн хуулийг тойрч хэлэлцсэн бол энэ удаагийнх бүх талыг хамрах хэрэг. Том зургаараа Монгол Улс нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаа Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд иргэдийнхээ оролцоотойгоор тодорхойлох юм. 

Санаж байгаа бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгмийн хамарсан хоёр ч томоохон жагсаал Төв талбайд боллоо. Хэн нэгний дохиур зангаагаар гэхээсээ сайн дураараа нэгдсэн залуучууд төрөөс, хууль тогтоогчдоос хариуцлага, хяналтаа сайжруулахыг шаардсан нь өөрөө том дохио өгсөн. Баялгийн тэгш бус хуваарилалт, төрийн албан дахь эрх ашгийн хамаарал, “дабль стандарт” тэргүүтэй олон жилийн турш ужгирч ирсэн тогтолцооны гажуудлыг засч, сайжруулахыг нийгэм нь бүхэлдээ шаардаж, залуу үе нь түүчээлж эхэлсэн нь сайны л илрэл. 

Гагцхүү нийгмийн уур амьсгал уур бухимдал, эгдүүцлээр давалгаалах болсон энэ цаг үед Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, иргэдийн оролцоотойгоор шийдэл хайхаар болсон нь нэг талаараа зөв, нөгөө талаараа хамгийн боломжит хувилбар болох нь. Өөрөөр хэлбэл, орон даяар эхлээд буй Зөвлөлдөж шийдэх санал асуулгыг анхаарахгүй орхиж болохгүй, хүн бүр өөрсдийн хэмжээнд оролцоотой явах нь бидэнд хэрэгтэй, улсын хөгжилд дэмтэй, магадгүй ирээдүйд тустай. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж үг бий. Үүн шиг бүх талын төлөөллийг оролцуулж, өргөн бүрэлдхүүнтэйгээр улс орны хэмжээнд тулгамдаж байгаа асуудлыг агуулга бүрээр нь авч хэлэлцвэл оновчтой шийдэл олж, гарц гарахаас биш лав алдахгүй.

Цаашлаад сардаа биш юм гэхэд улиралд, жилдээ нэг удаа Зөвлөлдөх санал асуулгыг явуулдаг жишиг тогтоох нь аливаа гажуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн, бодит арга зам болж үлдэнэ. Тэр хэрээрээ Зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмж болгон УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны “гарын авлага” болж, аливаа асуудалд хариуцлагатай, нухацтай хандах хөрс суурийг тавина. Юу үнэн энэ л үнэн!

Г.Эрхэс