Цэцэгсийн дунд умбасан "Эко гүрэн"

Хоёр өрөө байраа зарж гэр хороололд 0.07 га газар авч, хашаа барьж, гэрт амьдарч эхлэхэд Т.Банзрагчийг олон хүн гайхжээ. Учир нь, тэрбээр хөдөлмөрлөх хэрэгтэй байв. Уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр  өөрийг нь гайхаж байсан хүмүүсийг  гайхшруулж чаджээ. Гэр хороололд тох, тухтай амьдрах нь хэн бүхэнд холын мөрөөдөл. Гэхдээ тэд хашааныхаа гадна талд үндэсний хэв шинжийг агуулсан хээ зурж, өнгө будгийн сонголттойгоор эрээлэн будаж, төрийнхөө сүлдийг залжээ. Үүгээр зогсохгүй хашаа руу ороход өнгө алагласан цэцэгс, эгнүүлэн тарьсан мод, бутыг харахад цэцэрлэгт хүрээлэнд ороод ирсэн юм шиг мэдрэмж төрүүлэх нь тэр.


Гэрийн эзэн Т.Банзрагч Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад жолоочоор ажилладаг бол гэргий Б.Болормаа нь хувиараа үсчин хийдэг. Тэднийх гурван хүүхэдтэй. Бүгд их сургууль төгсч, ажил амьдралынхаа зам мөрийг хөөсөн байна. Гэр хороололд амьдардаг хүмүүсийг ажилгүй, агаар орчныг бохирдуулдаг гэж адалдаг асуудлыг өөрийн хүч хөдөлмөрөөрөө өөрчилж болдгийг харуулахын тулд хоёр өрөө байраа тэрбээр заржээ. Хотоос зайдуухан газар авчээ.

Энэ талаар Т.Банзрагч “2010 онд орон сууцаа зараад гэр хороололд амьдарч эхлэхэд хүмүүс галзуурчихсан юм бишүү гэж шүүмжилж байсан. Гэр хороололд хашаагаа төдийгүй байшингаа өөрийн гараар сайхан тохижуулаад амьдрах боломжтой. Аливаа ажлыг дэс дараалал, төлөвлөгөөтэй хийдэг. Миний санхүүгийн эх үүсвэр бол цалин. Гэр бүлээ авч явахын хажуугаар хашаагаа бага багаар тохижуулсаар ирсэн. Цалингийнхаа 50 хувийг л хашаандаа зарцуулдаг. Бүх зүйлийг төлөвлөгөөний дагуу хийж хэвшсэн. Есөн жилийн турш үргэлжилж байгаа ажил. Санхүүгийн боломжтой хүн бол хүссэн загвар хийцээрээ хэдэн сарын хугацаанд хийх бүрэн боломжтой. Олон залуучуудыг үлгэр дуурайлал аваасай гэж боддог юм. Хүн хөдөлмөрч сэтгэлгээтэй байвал хүссэн орчиндоо тав тухтай амьдрах боломжтой” гэв.

0.07 га газрыг есөн жилийн хугацаанд цэцэрлэгт хүрээлэн шиг тохижуулж, эко орчин бүрдүүлж чаджээ. Есөн төрлийн 40 ширхэг мод тарьсан харагдана. Түүнчлэн хүнснийхээ ногоог хүртэл тарьж хэрэглэдэг байна. Энд тэндгүй өнгө алагласан цэцэгс ургасан учир  эрвээхэй хашаагаар нь эргэлдэх нь элбэг аж.

Одооны залуучууд орон сууцанд амьдарч, олон жил банкны зээл төлж амьдардаг гэх шүүмжлэл бий. Тэгвэл өөрт оногдсон 0.07 га газраа өөрийн хүслээр тохижуулж, өрөөл бусдад үлгэр дуурайлал болж буй Т.Банзрагчийн хүсэл мөрөөдөл нь хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, эко орчинд эрүүл саруул элэг бүтэн амьдрах гэнэ. Тэрбээр  “Бүхий л зүйлийг сэтгэлээсээ хийдэг. Ажлаа тарж ирээд хоолоо идчихээд л хашааныхаа бүтээн байгуулалтын ажлыг хийж эхэлнэ. Гараа хөдөлгөхгүй ам нь л их хөдөлдөг хүмүүс их олширч байгаад харамсдаг. Нэг ч гэсэн хүн манайхаас үлгэр дуурайлал аваад хашаагаа өөрсдийн боломжоороо тохижуулаасай гэж боддог. Орон сууцны зээл аваад 20-30 жил өртэй амьдардаг. Миний бодлоор бол тийм баймааргүй санагдаад байдаг юм. Гаднын оронд бол өөрийн өмчийн газар дээрээ хаусанд амьдрахыг эрхэмлэдэг. Гэтэл манайд  эсрэгээрээ орон сууцанд амьдрах гэж хошуурдаг. Уг нь бол хүн хөдөлмөрлөөд хөрөнгө санхүүгийнхээ асуудлыг зохицуулж чадвал хүссэн орчиндоо сайхан амьдрах боломжтой гэдгийг залуучуудад хандаж хэлье” гэв.

Т.Банзрагчийнх эко орчин бүрдүүлж амьдардаг учир гал түлдэггүй. Цахилгаанаар халаалтаа шийджээ. Байшингийнхаа хажуу талд байрлах гэртээ ч мөн адил гал түлдэггүй. Шалны халаалт суурилуулсан гэнэ.

Нүхэн жорлонгоо булж, өөрөө эко ариун цэврийн суултуур хийжээ. Ингэснээр агаар орчинг бохирдуулахгүй харин ч эсрэгээрээ эко ногоон төглийг бүрдүүлж чадсан хөдөлмөрч түүнээр бахархаж байснаа нуух юун.

Түүнчлэн тэднийх байгалийн зүлэгтэй учир юмдүүжин, багваахай зэрэг есөн төрлийн цэцэг ургадаг байна.

Гэр хороололд тоглоомын талбай бараг л байдаггүй. Тиймээс Т.Банзрагчийн хашаанд ирж тоглох хүүхдийн цуваа ч мөн тасардаггүй байна. Хүүхдийн инээд хөөр цангинах нь эерэг эко бүхнийг цогцлоосн мэт. Халуун наранд хүүхдүүд цангаж, өлсч байгаа гэсээр хоол цай дөхүүлж яваа харагдсан юм.

Есөн жил үргэлжилсэн бүтээн байгуулалт болохоор нэлээд их хэмжээний санхүүг зарцуулах нь ойлгомжтой. Харин сарынхаа цалингаас санхүүгийнхээ асуудлыг тухай бүрт нь шийдэж өгсөн нь хамгийн зөв гаргалгаа байжээ. Хашааны будагныхаа өнгийг дахин сэргээхээс эхлээд урсгал зардал гардаг талаар ч ярьж байсан юм. Өвлийн улиралд зөвхөн төлөвлөгөө гаргадаг гэнэ. Харин хавар, зун, намар хийх ажлынхаа зургийг гаргаж, нэгбүрчлэн хийснээр өнөөдрийн эко тав тухтай орчинг бүрдүүлж чадсан байна.

“Анх хашаагаа тохижуулж эхлэхэд их л том газар шиг санагдаж байсан. Харин одоо хийх ажил их байхад газар нь багадаад байх юм” гэх түүний хэлсэн үгнээс хийж бүтээх хүсэл оргилж байгаа нь илт. “Хийх тусам л урам зориг ордог юм билээ. Төлөвлөсөн ажлынхаа 50 хувийг л хийсэн. Хүүхдийн тоглоомын талбай, усан бассейн, сүүдрэвч гээд хийх ажил их байна” гэв.

Цахим орчноос тэдний хашааны зургийг харчихаад хязгаарын Баян-Өлгий аймгаас зорьж ирсэн хүн байдаг байна. Урин дулааны улиралд хүн тасардаггүй гэж инээмсэглэж байв. Зориод ирсэн хүмүүсийг найрсагаар угтан авч, хийж бүтээн байгуулалтаа үзүүлж, хэрхэн хийх талаар зөвлөгөө өгдөг гэнэ.

“Өнгөтэй өөдтэй өөдрөг амьдрах нь өөрөөс тань хамаарна шүү. Хөдөлмөрч байгаарай” хэмээн хэлсэн Эрдэнэт хотдоо эко орчинг бүрдүүлж амьдарч байгаа эгэл жирийн гэр бүлийн талаар өгүүлсэн нь энэ байв.