Н.Наранбаатарын амлалт

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ээлжит бүтээл болох язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим ба модерн балет, театр хосолсон “Legend” энтертаймент шоуг ирэх сарын 7-12-нд найруулан тавихаар болжээ. Монголын энтертаймент брэндийг бий болгох зорилгоор "Legend show" төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.  Энэ талаар тэрбээр ““Монголын түүхийн эрье" гэвэл дэлхийн түүхийг эр гэж үг бий. Энэ утгаараа дэлхийд өөрсдийн ахуй соёлоороо л ялгардаг. Бидэнд маш их түүх домог бий. Үүнийгээ биежүүлж, үзүүлбэр бүтээл болгож, иргэдэд хүргэх үүднээс Б.Ренчин гуайн “Бэр цэцэг” найраглалаас сэдэв авч бүтээлээ хийсэн. Өнөөдөр хүмүүс агуулгыг нь биш хэлбэр загвар төдийд их анхаарах болсон. Тиймээс тоглолтондоо сэтгэлгээг илүү чухалчилна" гэсэн юм.

Тус шоу хэлбэрийн тайзны бүтээлээр аян дайнд амрагаа алдсан залуу бүсгүйн гашуудлын нулимс хэлхээ нь тасарсан гэрэлт сувд шиг бөмбөрөн унасан газар "Бэр цэцэг" ургасан гэх эртний домогт үлдсэн ариун хайрын түүхийг урлагийн олон төрлөөр илэрхийлэн өгүүлэх аж.

Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллах бол хөгжмийн продюссерээр удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, ерөнхий продюсер Б.Отгонбат, продюсер Х.Соёмбо, бүтээлч захирал Н.Оргилболд, найруулагч Ц.Батнайрамдал, ерөнхий зураач Т.Ганхуяг, хувцас дизайн “Art couture”, бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг нар ажиллах ажээ.

Тоглолтод гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар болон дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү нарын зэрэг уртын дуучин, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшны 20 балетын жүжигчин, ХЦДБЭЧ-ийн 13 бүжигчин, “Enkhe boys” циркийн 19 нугараач ба акробатчид, тайз, гэрэл, графикийн 30 гаруй мэргэжилтэн гээд нийт 120 гаруй мэргэжлийн уран бүтээлч оролцохоор болжээ.