Ийм л ЮМ!-2

1996 он. УИХ-ын сонгуулийг нэг мандат бүхий 76 жижиг мажоритар тойргоор явуулж, МҮАН, МСДН, НН-ын “Ардчилсан холбоо эвсэл” 50 суудлыг авч ялалт байгууллаа. Ардчилагчид ингэж анх удаагаа ялалтын тугаа намируулав. Шинэ Үндсэн хуулийн хүрээнд явуулсан хоёр дахь сонгууль. Нийгэм нь, тогтолцоо нь, хууль нь бүхэлдээ нэн шинэхэн эрин рүү алхсан адармаатай цаг үед ардчиллын дуу хоолой, туг нь болж явсан улс төрийн намууд эвсэж, нэгдээд УИХ-д үнэмлэхүй олонхийн суудал авна гэдэг нэг талаараа ололт, нөгөө талаар ард түмэн тэдэнд бараг бүтнээр нь итгэл найдвар хүлээлгэсний баталгаа болов.  

Байнгын ажиллагаатай парламентын тогтолцоонд шилжсэн анхны сонгуулийн үр дүнгээр тэд ердөө дөрөвхөн суудлыг авсантай харьцуулахад 1996 оны энэхүү ялалт нь Монголын улс төрд эргэлт хийсэн үйл явдал байв. Монголыг нэгэн жарны турш залуурдсан эрх мэдлээ 1992 оны сонгуулиар 70 суудлаар баталгаажуулж асан МАН анх удаагаа цөөнх болж, сөрөг хүчний жигүүрт заларсан нь үүний бодит жишээ. Гэвч ардчиллынханд сонгуулийн ялалт нь тийм ч “амттай” байсангүй.

М.Энхсайхан Ардчиллын анхны Ерөнхий сайд болсон үеэс зовлон эхэлсэн түүхтэй. Уг нь 14 яамтай Засгийн газрын бүтцийг ес болгон цөөрүүлж, Шадар сайд, дэд сайдуудын орон тоог халсан зэргээр Төр өөрөө цомхон ажиллаж болдгийг харуулсан нь М.Энхсайханы шинэчлэлийн гол цөм байв. Монгол Улс ажлын таван өдөртэй долоо хоногт шилжсэн, Дэлхийн худалдааны байгууллагад элссэн, дотоодын эрчим хүч, дулааны суурь үнийг чөлөөлсөн, орон сууцны хувьчлал, тэтгэвэр, татварын реформ зэрэг нийгэм, эдийн засаг руу чиглэсэн зоригтой шинэтгэлийг эхлүүлсэн нь түүний гавьяа мөн үү? гэвэл мэдээж тийм.

Гэвч УИХ дахь Эвслийн бүлгийн дотоод уур амьсгал, түүнд дээрх сөрөг хүчний улс төрийн тоглолт нь эхлүүлсэн реформоо үргэлжлүүлэх боломжийг М.Энхсайханы Засгийн газарт олгоогүй. Ерөнхий сайдаар ажиллаад жил хүрэхгүй хугацааны дараа буюу 1997 онд сөрөг хүчний 24 гишүүний гаргасан огцруулах саналыг УИХ хүлээж аваагүй ч 1998 онд Эвслийн бүлгийн 11 гишүүн өөрсдөө санал гаргасан нь дэмжлэг хүлээж, М.Энхсайханы танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон түүхтэй. Үүнийг зориуд тодотгож, сануулж буй нь тодорхой шалтгаантай. Ерөөсөө л хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа, Засгийн газрын хувь заяаг ялсан нь биш ялагдсан сөрөг хүчин нь шийддэг, заримдаа ганцхан товчлуур дэнсэлдэг “давжаа парламент”-ын зовлонг бид аль 1996-2000 оны үед хангалттай харж, мэдэрсэн гэдгийг энд хэлэх гээд байгаа хэрэг.

Угтаа бол Засгийн газраа эмхэлж, мөрийн болон хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, амлалтаа биелүүлэх нь ялсан намын хийх ёстой ажил нь, ард түмнээс хүлээсэн үүрэг нь. Гэвч парламентад 50 суудалтай атлаа Засгийн газрын хувь заяа нь сөрөг хүчний 25 хүнээс хамаардаг, хууль тогтоох үйл ажиллагаа нь ганцхан суудалтай МУНН-аас хараат явсан гашуун туршлагыг бид тойроогүй биш дайраад гарсан. Эвслийн бүлэг доторх хот, хөдөөгийн “фракц” гэх эрх ашгийн механик нэгдэлд сөрөг хүчин нь хөндлөнгөөс сайн улс төр хийж, өөрсдөдөө давуу тал болгосны хүчинд 1996-2000 оны парламентын түүхэнд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралтын гэсэн гурван ч Засгийн газар огцорсон. 

УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр буюу 50+1 гэсэн ирцтэйгээр эхлэх Үндсэн хуулийн заалтаар О.Дашбалбар агсан л нэгдсэн хуралдаан эхлэх эсэхийг шийддэг байлаа шүү дээ. Ялсан намаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг долоон удаа буцаасан Ерөнхийлөгч ч энэ үед ажиллаж л явлаа. Ямар ч байсан парламент, Засгийн газрын үйл ажиллагаа ийм байдлаар цааш явахгүйг ойлгосон хууль тогтоогчид Үндсэн хуульдаа анх удаагаа гар хүрсэн нь “Дордуулсан долоон өөрчлөлт” нэрээр хуанлийн хуудаст үлджээ.

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн, ардчилсан Үндсэн хуулиа баталсан нь бидний хамгийн том ололт мөн үү? гэв мөн. Үүнтэй хэн ч маргахгүй, бас үгүйсгэхгүй. Харин “Эцэг хууль”-даа тусгасан зүйл, заалтын хүрээнд явуулсан хоёр дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламентын зовлон нь бидэнд үлдсэн алдаа гэхээсээ сургамж болж үлдсэн нь энэ. Засаж, сайжруулах тал руугаа л явсаар өнөөдрийг хүрч байна.

Тэгэхээр шинэ Үндсэн хуулиа эх барьснаас хойшхи яг 31 дэх жилтэйгээ золгож энэ үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг Засгийн газраас тусгайлан өргөн барьсан нь өчигдөр санаачлаад өнөөдөр хэлэлцүүлээд маргааш батлуулах гэж байгаа эрх баригч намын эс үйлдэл биш юм. Эсрэгээрээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон алдаа завхрал, засаглалын гажуудлыг сууриар нь, хөрсөөр нь өөрчилж, шинэчлэх нийгмийн шаардлагаар үүссэн санаачилга гэхэд хол зөрөхгүй. 

Өнөөдөр бий болсон, түрүүчээсээ ил болгож буй авлига албан тушаалын хэрэг, хулгай хаанаас эхтэй байна? Хууль тогтоох дээд байгууллага, түүнийг бүрдүүлдэг УИХ-ын гишүүдийн оролцоо, хамгийн хамааралтай явж ирснийг нийгмээрээ, нийтээрээ харж, ойлгож байна. Асуудал нь хуульдаа ч, хүндээ ч, бүрэн зураглалаараа тогтолцоондоо байна. Үүнийг агуулгаар нь, үндсээр нь шийдэхгүйгээр, УИХ-ын гишүүнд хуулиар олгосон эрх мэдлийг задалж, төлөөллийн ардчиллын хуваарилалтыг бэхжүүлэхгүйгээр дараагийн 30 жилд ч ийм замаараа туучина. Тэгж байж УИХ нь өөрөө ард түмний хяналттай болж, фракцын эрх ашгаас сална. Хууль тогтоох процесс илүү мэргэжлийн, мэтгэлцээний тал руугаа явна. Юу үнэн энэ л үнэн!

Уг нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал зөвхөн энэ удаад хөндөгдөж байгаа юм биш. 2012 онд 99, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 108 гишүүнтэй байх асуудлыг хөндөж л байв. Өөрөөр хэлбэл, гурван ч парламент дамжин 10 гаруй жил ярьсан агуулгыг өнөөдөр албан ёсоор хэлэлцэж байгаад асуудлын учиг оршиж байгаа юм. 

Г.Эрхэс