Ийм л ЮМ!-3

2004 он. Эхлээд АН-д 50, дараа нь МАН-д 72 суудлыг өгсөн сонгогчдын санал ээлжит сонгуулийн үр дүнгээр эн тэнцүүхэн хуваагдав. Парламентад 39 суудлыг авч олонхи болж, дангаараа Засгийн газраа эмхлэх босгыг аль нь ч давсангүй. МАН-д 37, “Эх орон-Ардчилал” эсвэлд 35, Бүгд найрамдах намд 1 гэсэн суудлыг авч, гурван бие даагч УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор парламентын уур амьсгал “солонгорч”, хууль тогтоох процесс чөлөөт мэтгэлцээний тал руугаа явах нь гэтэл тэгсэнгүй. Олонхи болоогүй ч олуулаа болсон хоёр тал “Зөвшилцлийн гэрээ” байгуулснаар “Их Эвсэл”-ийн Засгийн газрыг эмхэлж, Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томиллоо. 

Гэвч парламент дахь “Эх орон-Ардчилан” эвслийн бүлэг хагас жил хүрэхгүй хугацаанд үйл ажиллагаа явуулаад тарсан түүхтэй. АН тэргүүтэй зарим намын төлөөлөл бүхий 26 гишүүн МАН-ын бүлэгт нэгдсэнээр “63-ын бүдүүн бүлэг” гээчийг байгуулсан юм. Үндсэндээ парламентад сөрөг хүчний дуу хоолой ийн тасрав. Ийнхүү Монголын улс төр дэх МАН, АН-ын эрх ашиг УИХ, Засгийн газрын түвшинд “Их эвсэл” хэмээх малгайн дор нэгдсэн ч тэдний хамтрал удаан үргэлжилсэнгүй.

УИХ дахь МАН-ын бүлгээс дангаараа ажиллах шийдвэр гаргаснаар хоёр, хоёр жилээр засаглах хоёр намын зөвшилцлийн гэрээ хэврэгшиж, эцэстээ Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаас огцруулж, хотын даргаас УИХ-ын гишүүн болж дэвшээд  удаагүй байсан МАН-ын дарга М.Энхболдыг оронд нь томиллоо. Ц.Элбэгдоржийн танхимд мэр, сэр явсан бизнесийн бүлэглэлээс энэ удаад улам олширсон нь М.Энхболдын Засгийн газрын онцлог байв. Гэвч мэргэжлийн гэхээсээ бизнесмэнүүдээр “өвч зэвсэглэсэн” жил гаруйн дараа бас л огцорлоо. Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр тэргүүтэй Засгийн газрын гишүүд нь өргөдлөө өгч Ерөнхий сайдыгаа түгжилдэж, танхимаар нь тонгорох ажиллагааг эхлүүлэв.

Улс төрд мөнхийн дайсан, найз гэж үгүй. Мөнхийн эрх ашиг л ялдаг учраас М.Энхболд ч удаан тэссэнгүй, бизнесмэн сайдуудынхаа санаачилга, УИХ дахь намын бүлгийнхээ дэмжлэгтэйгээр Ерөнхий сайдаас огцорлоо. Түүнийг залгамжлагч нь төрөлх МАН-аас тодорч, тодруулсан ч “Эцэг хууль”-ийн 21.1 дэх “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэсэн заалтыг эргэж харах сэдэл энэ үеэс гарсан юм.

Байнгын ажиллагаатай парламентын тогтолцоонд шилжээд 16 жил, УИХ-ын дөрвөн удаагийн сонгуулийн дараа гэсэн үг. Тэгэх нь ч аргагүй юм. Нэг суудалтай Б.Жаргалсайхан, Л.Гүндалай, нэгжээд суудалтай “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат тэргүүтэй улстөрчдийн ашиг сонирхол давуу байдал үүссэн талд нь очиж, толгой хорогддог, түүгээр товчлуураа үнэд хүргэсэн түүхтэй. Ганц хүн айл болдоггүй ч ганцхан товчлуурынхаа үнэ цэнээр тэд сайдын суудалд суусан юм. Өөрөөр хэлбэл, Төр, түүнийг бүрдүүлдэг дээд байгууллагын гишүүд нь хууль тогтоогч гэхээсээ албан тушаал, эрх ашгийн наймааны хамгийн том индэр нь 2004-2008 оны парламент болж үлдсэн нь энэ. Алдарт МАНАН хэмээх ойлголт ч энэ үеэс явж, өнөөдөр ч явсаар л байна.

Улс төрд түүх давтагддаг. Давтагдах, давтагдахдаа өмнөхөөсөө давж давтагддаг. Энэ удаад алдагдсан боломж, асар их хулгай, албан тушаалын эзэн холбогдогчтой хэргийг нийгмээрээ, нийтээрээ шүүж байна. Одоо л бий болчихсон, одоо л нийтээрээ шүүж, дэнслээд байгаа юу? гэвэл үгүй. 1996 оноос л эхэлсэн парламент дах эрх ашгийн зөрчил, албан тушаалын наймааны сүүдэр эцэстээ нийгмийнхээ, тогтолцооны эсрэг явсаар тэсэрч байгаа хэрэг. Өнөөдөр хэнд хамгийн эрх мэдэл байна, УИХ-ын гишүүнд л байна. 

Шалтгаан нь маш энгийн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид иргэн биш дарга төвтэй явж ирсний л уршиг. УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин нэмэгдсэнээс иргэдийн төлөөлөх эрх нь 1992 ондоо үлдсэний л бодит кэйс. Гишүүд нь өөрт ногдсон эрх үүргээ Засгийн газрыг огцруулах хэмжээний “бяр”-тай гэж ойлгож, сурчээ. Харин энэ удаад сонгодог парламентын мэтгэлцээний соёлд шилжих, хууль хэлэлцэн батлах чанарын араас явах агуулга бүхий өөрчлөлт, шинэтгэлийг нийгэм нь, улс төр нь өөрөө шаардсан түүхэн цаг үеийнхээ сонголтыг хийх зам дээр бид хэдийнэ иржээ. 

Г.Эрхэс