С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Дараагийн аравны шинэ “ГАЗРЫН ЗУРАГ”
Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэлээ. Тендер, хөнгөлөлттэй зээл, тусламж, батлан даалтад хамрагдахыг хориглохоо зарлав. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг бүрдүүлж, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болдог хувийн хэвшлийнхэнд Төрийн энэ санаачилга маргаангүй алга таших амлалт. Харин Төр, түүнийг төлөөлдөг албан тушаалтнуудад бол хамгийн муу мэдээ. Гэдэг нь хуулийн хоригт орох хүмүүст Төрийн тэргүүнээсээ эхлээд парламентын спикер, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга багтана. Тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд ч төрөөс болон төрийн өмчит компани, хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс санхүүжих, худалдан авалтад оролцох, зээл, тусламж, тэтгэлэг авах нь хориотой.
УИХ-д суудалтай намын дарга, Цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор, ТАЗ, Монголбанк, тагнуул, татвар, цагдаа тэргүүтэй парламент, Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын удирдлага, орлогч нарт ч хуулийн хэрэгжилт буух учраас хамрах цар хүрээ нь үлэмж их. Үндсэндээ Төрд ажиллаж байгаа хэнбугай ч өөрт ногдсон үүргээ биелүүлж, хариуцлагаа үүрнэ. Бусдаар УИХ-ын гишүүн болсноороо, ямар нэгэн албан тушаал хашсан цаг үед хөрөнгө орлого нь арвиждаг, хүүхдээ тэтгэлэгт хамруулж, гадаад сургадаг, хамаарал бүхий компаниараа тендер авах уламжлалт хандлага тэдэнд хаалттай. Гагцхүү Төрд ажиллаж байх цаг хугацаанд.
Ерөөсөө л Төрөөс бизнесийн хэт хамаарлыг зааглах нь хуулийн амин судас нь. Төр нь Төр шиг, бизнес нь бизнесээрээ явах ёс зүйн зарчмыг хуульчилснаар чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн түүхэнд гарч буй хамгийн том алхалт хийх нь. Өөрөөр хэлбэл, дараагийн аравны хөгжлийн шинэ “Газрын зураг”-гийг энэ хаврын чуулганд багтааж УИХ-аас эх барих нь. Хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэх цаг хугацаа хэзээ байхаас үл хамаарч Төрийн өндөр албан тушаалтнууд хоригт орж таарна. Тэр үед Төрийн албаа сонгох уу? эсвэл төрлийн албандаа үлдэх үү? гэдэг нь тухайн албан тушаалтны л сонголт байх нь. Хуулийн дор хүн бүр эрх тэгш учраас биелүүлэх л ёстой.
Гэхдээ ганцхан эл өөрчлөлтөөр дараагийн аравны хөгжлийг тодорхойлох уу? гэвэл үгүй. Уг хуулийн араас УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг Засгийн газраас өргөн мэдүүлснийг парламентаар хэлэлцэж батлах эсэх түүхэн мөчлөгтэй давхцав. Хөгжлийн банк, ЖДҮ, нүүрсний хулгай, Засгийн газрын Тусгай сан, авлига, албан тушаалтын гэмт хэрэгт холбогдсон мөнгөн дүн нь саяар биш тэрбум, их наядаар хэмжигдэх болсон энэ цаг үед парламентынх нь нэр хүнд шалаар нэг унаж, УИХ-ын гишүүдийнх нь үнэлэмж өдрөөс өдөрт алдуурч буй нь хувь хүнтэй нь гэхээсээ хуульдаа, тогтолцоондоо байгааг хэн, хэн нь хаа хаанаа хүлээн зөвшөөрөх болов.
Олон жил салаалж ургахын хэрээр суурь нь газрын хөрснөө бат бэхжиж, томорсон системийн авлигын аварга том царс модыг бий болгосноо, усалж тордсоноо харж, ойлгоход гурван аравныг зарцуулсан нь бидэнд үлдсэн гашуун сургамж. Системийн авлигыг сууриар нь, хөрсөөр ухаж, өөрчилж, шинэчилж байж л тэрхүү царсыг нураана. Түүнээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар арилахгүй. Систем нь, тогтолцоо нь бүхэлдээ, шат шатандаа авлигажсан шалтгаан нь олон талтай ч эцсийн дүндээ ганцхан хариулт жин дарна. Юу гэхээр хүн амын өсөлт, эдийн засгийн тэлэлттэй зэрэгцээд эрх мэдэл нь хамгийн нэмэгдсэн албан тушаалтан хэн байна, Монголд? Хууль тогтоох дээд байгууллагад суугаа халдашгүй эрхтэй УИХ-ын гишүүд л байна!
Улс төрд орж, намын шошго зүүсэн бүхэн яагаад ашигтай, амжилттай яваа бизнесээ, компаниа орхиод Төр рүү тэмүүлж, УИХ-ын гишүүн болох гэж хэт улайрдаг юм?! Ерөөсөө л эрх мэдэлд хүрэх гарц, гүүр нь Төр өөрөө болчихсон учраас...
Нэгэнт сонгогдсон бол компанидаа тендер, төсөл хөтөлбөр, хамаарал бүхий этгээдээ тэтгэлэгт хамруулах боломж нь нээгддэг учраас. Хөгжлийн банкны хэрэгт яагаад улстөрчид, УИХ-ын гишүүд холбогдов? ЖДҮ, ХААДС-аас хэн хамгийн их зээл авсан жагсаалтыг хэн тэргүүлж байна? Боловсролын зээлийн сангаас олгосон тэтгэлэг бүрд зөвхөн сайд, дарга нар нь өөрсдөө төдийгүй үр хүүхдүүдээ хамруулав? Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ бодитоор эдэлж байна уу? Гишүүд иргэдийг үнэхээр төлөөлж байна уу? Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байна уу? зэргээр асуулт хөвөрнө. Эцэс сүүлдээ “дарга анги”-д зориулсан “дабль стандарт” газар авч эхэлсэн нь хэн нэгний орон дотроо бодож олсон жирийн нэг томъёолол биш юм. Бодит үндэслэл нь, үйлдэл нь, үр дагавар нь байгаа болоод, байсаар буйг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нийгмийн эгдүүцэл, бас илэрхийлэмж.
Өнөөдөр УИХ-ын гишүүдийнхээ үг, үйлдлийг харцгаая! Монгол гэсэн ганцхан улстай, эх орон, эрх ашигтай атлаа сонгогдсон тойргоо торддог, бусдыг нь үгүйсгэдэг, болохгүй бол шантаажилдаг дүр зургийг л бий болгожээ. Нэг л хэлээр ярьдаг, нэг л үндэстний, том зургаараа Монгол Улсын хөгжлийн бодлого, түүнийг дагаж мөрдөх хууль журмын тухай тэнд, парламентын танхимд мэтгэлцээн өрнүүлж байх ёстой, уг нь. Тиймээс л УИХ-ын нэг гишүүнд хуулиар төвлөрсөн жин нөлөөг одоогийнхоос нь хоёр дахин багасах энгийн логик нь тоог нэмэгдүүлж, эрх мэдлийг задлах нь улсын хөгжилд тустай, нийгмээрээ урагшлахад дэмтэй.
Эрх мэдлийг нь хумьж, оролцоог нь эрх тэгш болгосноор тэд чуулганы нэгдсэн хуралдааны индрээс бизнес ярихгүй. Ард түмний нэрийн өмнөөс хувийн амбийцаа тулгахгүй. Даргын, бизнесийн, бусдын ашиг сонирхлын нөлөөнд автахгүй. Ганц үнэн гэвэл тэд, тэнд хуулиа л ярина, бодлогын мэтгэлцээн өрнүүлнэ. Тэгж гэмээн парламентын дархлаа нэмэгдэж, нэр хүнд нь өснө.
Тэгээд ч тендер цохих боломжгүй, тэтгэлэгт хамрагдах, төсөл, хөтөлбөрөөс санхүүжих нь хориотой байхад байгаа бүхнээрээ дэнчин тавиад тийш зүглэх бизнесмэн байхгүй. Тэнэг биш л бол УИХ-ын гишүүн болж бүтээсэн бүхнээ нураахыг хүсэхгүй.
Ийм нөхцөлд УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлэх нь хууль тогтоох процессыг илүү чадамжтай, чадавхтай, хариуцлагатай, төлөөллийн ардчиллыг хангасан сонгодог парламентын тогтолцоо руу шат ахиж, улсаараа урагшлъя гэсэн санаа гэж харахаас өөрцгүй. Ийнхүү чөлөөт зах зээлийн нийгэмд шилжиж, Байнгын ажиллагаатай парламентын тогтолцоог сонгосон Монгол Улс дараагийн аравныхаа шинэ “ГАЗРЫН ЗУРАГ”-ийг зураглалаа. УИХ-ын гишүүд нь үнэхээр л улсынхаа хөгжлийн төлөө нэг үзэл санаа, нэг малгайн дор нэгдсэн нь үнэн л юм бол энэхүү түүхэн цикл ирснийг хүлээн зөвшөөрч, хэрхэн хариуцлагатай хандахыг харах л үлдлээ!
Г.Эрхэс