С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Урд хөршид тэр шинэ ЗОЧИН биш!
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлалын тов албан ёсоор гарав. Гүйцэтгэх засаглалын тэргүүн болсноосоо хойш хоёр дахь удаагаа урд хөршийг зорихоор болсон түүний айлчлалын төлөвлөгөөнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид тус тус бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хэлэлцээ хийх зэрэг асуудал багтжээ. Дэлхийн геополитикийн шинэ хуваарилалт, түүнийг дагасан улс төрийн уур амьсгал шуургатай байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ыг зорьж, Төрийн гурван өндөр албан тушаалтантай уулзах нь эдийн засаг, гадаад бодлого талаасаа гурван онцлогтой. Монголыг харах, Монголд хандах, биднийг чиглэсэн тэдний дипломат өрөг дээрх нүүдэлд нэн шинэхэн мессежийг өгч таарах нь.
Нэгдүгээрт, Ши Жиньпинийн гурав дахь бүрэн эрхийн хугацаанд шинээр томилогдсон Байнгын хорооны дарга Жао Лөжи, Ерөнхий сайд Ли Чянтай уулзах, хэлэлцээ хийх Монголын Засгийн газрын анхны тэргүүн болох нь. Хоёрдугаарт, 1992 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллаж асан эрхмүүдийн БНХАУ-д хийх айлчлалын цикл Засгийн газрынх нь бүрэн эрхийн хугацаанаас хамаарч, хязгаарлагдаж ирсэн буюу нэгээр хэмжигддэг байсныг ахиулж буй нь түүний давуу тал. Байсхийгээд Засгийн газар нь солигддог, тэр хэрээр бодлого нь өөрчлөгддөг, ойлгомжгүй байдал үүсч ирсэн зовлон энэ удаад Л.Оюун-Эрдэнэд ирэхгүй. Жил гаруйн өмнө ярилцаж, тохиролцсоноо улам өргөжүүлэх, шаардлагатай асуудлыг шийдвэрлэх гарцаа тодорхойлох нь айлчлалын нэг зорилго.
Гэдэг нь, Байнгын хорооны дарга Жао Лөжи, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянийн хувьд Монголын Ерөнхий сайд шинэ хүн байж болох ч гуравдахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Ши Жиньпинд тэр шинэ зочин биш. Бээжингийн олимпын үеэр БНХАУ-д хийсэн Л.Оюун-Эрдэнийн ажлын айлчлалын үеэр "Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна. Хоёр орны Засгийн газрын хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлж, эртхэн бодит үр дүнд хүргэхийг хүсэж байна" гэдгийг Ши Жиньпин онцолсон удаатай.
Үндсэндээ 2022 оны хоёрдугаар сард БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийх үеэрээ Монголын экспортын орлогод жин дардаг Гашуунсухайт-Ганцмод болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцож, 14 жил гацаанд орсон царигийн маргаанд цэг тавьсан бол энэ удаад хилийн холболт хийх асуудлыг хөндөх нь Л.Оюун-Эрдэнийн айлчлалын гол цөм.
Төрийн өндөр албан тушаалд хэн томилогдохоос үл хамааран урт хугацаанд тогтвортой тууштай хэрэгждэг нь Хятадын бодлогын онцлог, тогтсон уламжлал нь. Засгийн газрын бүтэцдээ бага зэргийн өөрчлөлт оруулсан ч хамгийн туршлагатай хүмүүс нь үргэлжлүүлээд ажиллаж буй учраас тэдний үйл ажиллагаа өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тэгэхээр 2021 онд Бээжинд өрнөсөн хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ, түүний хэрэгжилтийг хэрхэн хангасан эсэх талаарх урд айлаас гэхээсээ биднээс хамаарах бодит ажлын үр дүн Л.Оюун-Эрдэнийн айлчлалын богцонд багтах нь мэдээж. Лав л ажлын айлчлал хийгээд ирсэн даруйдаа Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг бүтээн байгуулалтыг дангаараа гардаж, хариуцах эрхийг нь хувийн хэвшилд олгож, Засгийн газрын тогтоол баталсан түүхтэй.
14 жил гацсан Гашуунсухайттай эн зэрэгцэхүйц урттай төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зургаахан сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулсан нь саяхан, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын үйл явдал. Алс дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам болох зүүн босоо чиглэлийн Бичигт-Зүүнхатавч төмөр замын төсөл эхэлсэн. Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг болсон төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чинад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болно. Энэ хооронд Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 км бүхий Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам ашиглалтад оров.
Сүүлд Шивээхүрэнг Сэхэтэй холбох 7.1 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Шивээхүрэн нь Монголын, Сэхэ нь БНХАУ-ын талд оршдог, мөн л стратегийн ач холбогдолтой боомт. 7.1 км гэдэг нь бага тоо мэт сонсогдох ч эл холболтыг хийснээр Монгол, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын шанг татаж буйгаараа онцлог, бас л түүхэн үйл явдал. Бүтээн байгуулалтын ажлыг “МАК” тэргүүтэй хувийн хэвшлийнхэн гүйцэтгэж, зургаан сарын хугацаанд ашиглалтад оруулах юм. Ийнхүү хөрш орноос гэхээсээ Монголоос, дотоодын улс төрөөс бүрэн хамааралтай явж ирсэн төмөр замын цариг, түүнийг тойрсон төслүүд гацаанаас гарч, түрүүчээсээ ашиглалтад орохтой зэрэгцэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр дахь удаагаа БНХАУ-ыг зорихоор болсон нь ач холбогдлын хувьд бас нэгэн түүхийн шинэ хуудсыг нээх нь.
Гуравдугаарт, ОХУ-аас Украинд өдөөсөн дайны нөлөө бөмбөрцгийг өдөр тутамд шинэ сорилт, шинэ хуваарилалт, шинэ бодлого, бүрэн зураглалаараа бүхэлд нь ШИНЭ ойлголт руу хөтлөхтэй зэрэгцэн газар зүйн байршлаараа хоёр том гүрний дунд "бупер" улс хэмээн нэрийддэг Монголыг НҮБ-ын дарга нь, Польш, Францын Ерөнхийлөгч нь зорьж ирсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм! Монгол Улс далайд гарцгүй ч дипломат бодлогоороо дамжуулан дэлхийн бүх улс оронд гарцтай болж эхэлснээ нээлттэй илэрхийлж, харуулж буйн бодит жишээ нь. Ганцхан жилийн хугацаанд бүрдсэн, бүрдүүлсэн, бүрдүүлсээр буй Монгол Улсыг чиглэсэн дараалсан айлчлалын хүрээнд бий болсон гадаад бодлого дахь "Сэргэлт" нь БНХАУ-ын удирдлагуудтай хийх албан уулзалтын үеэр Монголын Ерөнхий сайдын чухал "имиж" болно. Тяньжин хотноо болох "Зуны Давос"-д оролцохоор төлөвлөсөн нь ч ирэх сард зохион байгуулах Монголын Эдийн засгийн чуулганыг угтаж, гаднын хөрөнгө оруулагчдад өгөх том мессеж бүхий Ерөнхий сайдын бас нэгэн УРИЛГА байх болов уу.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урд хөршид хийх айлчлалыг урьдчилан таамаглахад ийм нэгэн дүр зураг бууж байна.
С.Гандөл