Эхээсээ өвлүүлсэн авьяасыг үргэлжлүүлж яваа Г.Мөнхбаяр

Хүний амьдрал сонголтоор дүүрэн. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, ирээдүйн их ажлынхаа эхлэлийг тавихын тулд амжилттай суралцаж, ажиллаж байсан мэргэжлээсээ татгалзах шаардлага  тулгарах нь бий. Хийж бүтээх хүслээр дүүрэн залуу Хөвсгөл аймгийн Рашаант сумаас их хотыг зорьсон нь учиртай. Түүнийг Г.Мөнхбаяр гэдэг. Татварын байцаагчаар тасралтгүй есөн жил ажилласан тэрбээр оёдлын салбар руу “урваж”, оёж хатгах уран үйлст суралцаж явна.

“Ахаасаа л суралцаж,  хувцсыг чанартай, чамин оёж болдгийг харуулах туйлын хүсэлтэй” гэдгээ онцолсон юм. Хүн хүсвэл юуг ч хийж чаддагийг харуулж, хуурай ах Д.Отгонбаяртайгаа хамтран оёдлын цех байгуулан ажиллаж эхлээд хэсэг хугацааг үджээ. Түүний ах олон жилийн турш оёдлын салбарт ажиллаж яваа энгийн нэгэн. Оёж, хатгаж, урлаж шаглах үйлдээ хэн хүнийг дагуулахгүй чадварлаг гэдгийг Г.Мөнхбаяр онцолсон юм. “ Залуу нас удаан үргэлжлэхгүй.  Залуу дээрээ хийж бүтээх хэрэгтэй л гэж боддог. Тиймдээ ч төрийн албаныхаа ажлыг хүлээлгэн өгч, өөрийн сонирхдог ажлаа эхлүүлсэн. Зарим хүмүүс намайг сайхан ажлаа хүлээлгэж өгөөд яагаад оёдолчин болчихсон юм бол гэж гайхаж байгаа байх. Гэхдээ би чадна гэсэн итгэлтэй байгаа” гэв.

Түүний ээж үр хүүхдийнхээ төдийгүй өрөөл бусдад дээл, хувцсыг “хүний нүдэнд тусхуйц” урлаж өгдөг уран хүн байжээ. Ээжийнх нь урлах авьяас хүүд нь өвдлөгдөж өдгөө өөрийн бүтээлийг туурвиж яваа нь энэ аж.

Г.Мөнхбаярыг оёдлын салбар руу эргэлт буцалтгүй орох шийдвэрийг хуурай ах Д.Отгонбаяр нь тавьж өгсөн гэдэг. Тэд танилцаж, нөхөрлөлийн эхлэл тавигдсан үеэс хувцас оёх талаар анхны мэдэгдэхүүнийг ах нь өгч эхэлжээ. “Манай ах их сайн чанартай, чамин оёдог. Тиймээс би ахтайгаа хамтарч ажиллахаар шийдсэн. Өнгөрсөн зун оёдлын сургалтад хүртэл эхнэртэйгээ хамт суугаад амжсан.  Ой ч хүрээгүй. Хүүхдээ түрж очоод хоёулаа сургалтандаа сууна. Хүүгээ тэрэг нь дээр нь суулгачихаад хоёр талд оёдог байлаа. Хүүхдэдээ цамц, өмд, эхнэртээ дээл, цамц гээд л олон төрлийн хувцсыг оёж сурсан. Багш маань ч хэлж байсан. “Чи эрэгтэй хүн гэхэд их чамбай оёж байна шүү. Чамд авъяас байна” гэж урамшуулж байсан.  Багшаасаа тодорхой хэмжээний зүйлийг сурч авсан. Харин одоо ахаасаа чадахгүй мэдэхгүй зүйлээ асуугаад суралцаад явж байна” гэсэн юм.

Аливаа ажлыг хийхэд асуудал нэлээд тулгардаг нь нууц биш. Тэр бүгдийг даван тулаад өнөөдрийг хүрсэн тэднээр бахархаж байснаа нуух юун. Бичил бизнес эхлүүлэхэд санхүүгийн асуудал тулгардаг. Санхүүгийн асуудал хүнд байгаа. Гэхдээ ажил хийвэл арга олдоно. Ах дүү нараасаа санхүүгийн тусламж буюу “зээл” авч ажлаа эхлүүлсэн талаараа хэлж байсан юм.  Тэрбээр “Би төрийн албанд есөн жил ажилласан. Цалин бол төдийлөн сайн биш. Ажиллаж байхдаа хашаа, байшинтай болоод амжсан. Бусдын адил банкны зээлтэй. Тиймээс ах дүү нараас амин хувийн зээл авсан” гэдгээ учирлаж байлаа.

Биднийг ийн хөөрөлдөх зуур түүний эхнэр А.Нарантуяа шилбийг эвлэгхэн гэгч зангидаж, хадаж байв. Хажуугаар нь ой гарантай хүүхдээ саатуулан, ханийхаа ажилд тусалж, байгаагаас тэд нэг зорилгын төлөө хөдөлмөрлөж байгаа нь илт. Тогтмол цалинтай төрийн албаныхаа ажлаас гарч өөрийн брэндийг бий болгох мөрөөдөлтэй ханийхаа сонголтыг хэрхэн хүлээж авсан талаар тодруулсан юм. Тэрбээр “ Ажлаасаа гараад хувийн бизнес хийвэл яах бол. Оёдол хийж үзэх үү гэж асууж байсан. Би анх сонсоод их эргэлзсэн л дээ. Төрийн албаныхаа ажлаас гараад эрэгтэй хүн оёдол хийнэ гэхээр. Тэгээд л хоёулаа ярилцаад хамтдаа хийж үзэх шийдвэрт хүрсэн. Хоёулаа хамт  хүүхдээ харангаа сургалтад сууж эхэлсэн. Гэр бүлээрээ сургалтад суугаад хувцас оёх их сонирхолтой санагдаж байсан.  Ханьтайгаа хамт суралцахад надаас илүү нямбай оёж, хийж буй ажилдаа сэтгэлээсээ хандаж байгаа нь харагдаж байсан юм. Ер нь бол их нямбай хүн л дээ. Товч шилбээ хадаж байхад хажуугаас шүүмжилнэ. Хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүртэл урлаж өгөхийг эрхэмлэдэг нь харагддаг.  Гэр бүлээрээ оёдлын бизнес хийхээр зориглосон учраас хамтдаа зүтгэнэ дээ” гэв.

“Хас шаглаа” цехээ нээсэн даруйдаа хүүхдийн болон том хүний биеийн тамирын хослол урлаж, худалдаанд гаргадаг байсан гэнэ. Харин одоо баяр наадам хэдхэн хоногийн дараа болох учир худалдан авагчиддаа зориулан монгол цамц, дээлийг тун боломжийн үнээр худалдаанд гаргаж байгаа аж. Наадам дөхөхөөр монгол үндэсний хувцсны үнэ тэнгэрт хаддаг талаар шүүмжлэх хүмүүс нэлээд байдаг. Тэгвэл “Хас шаглаа”-н чадварлаг эрэгтэй оёдолчид өнгө загварын өргөн сонголттой, чамбай оёсон цамцаа 55 мянган төгрөгөөр харин эмэгтэй загварын дээл 100-130 мянган төгрөгөөр худалдаалах буюу захиалга авч түргэн шуурхай урлаж өгч байна. “Бизнес хийж байгаа хүн бүрийн ажиллах арга барил, маркетенг өөр өөр байдаг. Бидний хувьд ард түмний амьжиргааны төвшинтэй уялдуулж үнэ ханшаа тогтоодог байгаа. Эргэлтэнд хурдан оруулж, эргэх ашиг дээрээ голлон анхаардаг. Чанартай оёхыг л эрхэмлэж ажиллаж байна. Материал сонгохдоо хүртэл анхаарал хандуулна. Хүний биед эвтэйхэн, угаахад будаг гарахгүй тийм л материал худалдан авч, хувцас хийдэг байгаа” гэсэн юм.

Цаашид хүүхдийн хувцсыг голлон оёх төлөвлөгөөтэй байгаа ч өөрийн гэсэн брэндтэй болох туйлын хүсэлтэй аж.

 

 

                                                                              С.Ичинхорлоо